logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

2016/07/25

Өнө эртний түүхтэй Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын идрийн барилдлагатай хөхөгчин могой өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн тахилгат Отгонтэнгэр уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.

Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ш.Түвдэндорж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, О.Чулуунбилэг, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар болон орон нутгийн удирдлагууд, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан, Наро вачин гэгээнтэн, Жалханц хутагт нарын шашин номын зүтгэлтнүүд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Ламчодов”, “Жигжид”, “Очирваань”, “Юлтий” зэрэг ном хурж, Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.

2016 оны долдугаар сарын 22-нд Отгонтэнэр уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуврагууд жавдандаа сууж, Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Гурван-Эрдэнэ, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан бөгөөд энэ үеэр Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн очив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур" их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Завхан аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлуулав. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье. Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр төр нь, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.

1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй.

Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно оо. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй.

Хамаг Монголыг даагч шүтээн – Хутагт сахиус

Очир баригч нууцын эзэн – Очирваани бурханы орон,

Хаан төрийн зарлигт Түшээ гүн өргөмжит

Отгон тэнгэр - Этүгэн Хайрхан уулын их тэнгэр тэргүүтэн хийгээд эргэн

тойрны уул, усны эзэд ээ,

Нар хуртай зуны наадам цэнгэлд баяссан найртай сайхан энэ л өдөр товлож тогтсон ёсоор Тэнгэр сахиус, лус савдагаа баясган, тахил өргөлөө дээжлэж, тайллага ёсоо үйлдэхээр туг, сүлдээ залж Монгол төр ёсолж байна. Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байна.

Баялаг Мянган сүмбэр уул, Цэцэрлэг

Баянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын

Байгаа мянган шивдаг нь залрагтун.

Бадархундага, Баянбулаг болон

Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур

Баялаг Буянт болон Ширээ, Чулуут

Бас бус ус далайн лусууд Таалан соёрхоно уу.

Тахилын чуулганы эздийнхээ алдар ачлалыг магтан ариун номын дууг сонсгоё оо. Рашаан, цацал, сан, сэржмээ өргөн, арц хүж, агь ганга тэргүүт тансаг үнэртнээ асаан ариусгая.  Сонордогтун, баясагтун.

Амтат идээ шүүсээ таваглан, айраг таргаа сөгнөж, арвин баялаг эд зүйлсээсээ дээжлэн өргөе.  Болгоохтун, таалахтун.

 Тэнгэрт дуут сумаа нисгэж, цөс зоригийг тань бадраая. Тэнхээт хүлэг морин эрдэнээ зүслэж онгольё. Хуурын татлага, уртын дуу, уран биелгээ, хүчтэний дэвэлтээр сонор болоод мэлмийг тань мялаая.  Баясагтун, цэнгэгтүн.

Заллага айлтгалыг хүлээн авч, Бадар хундагат Богд Очирваань хайрханы сүлд тахилгын сүншигт овоонд таацан хурсан тэнгэр лусын эзэддээ улс монгол, зон олныхоо хүсэл айлтгалыг өчье.

 Учран золгосон энэ өдрөөс чинагши угтан ирэх 5 жилдээ буман олны эвийг бататган, улс монголын заяаг түшин, байгаль дэлхийг баясгаж, үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон энх тунх, амьдрал үйл нь тэгш дүүрэн, төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая аа. Соёрхон болгоож, нигүүлсэн ивээгтүн.     Хурай  Хурай  Хурай

Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.

Түүхийн явцад төр, шашны хос ёсны төгөлдөр утгат зан үйл, заншил уламжлал болж тогтжээ. Өнөө цагт энэ нь хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийн үндэс болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн, байгаль хамгааллын төдийгүй үндэстний оюун санаа, үзэл ухамсар, шашин соёл, төр ёсны өргөн дэлгэр агуулгатай болж буйгаараа нэн ач холбогдолтой юм. Түүнчлэн тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой.

Үндэстэй бүхэн нь эм, ундрагатай бүхэн нь рашаан болсон “маш баясгалант” энэ сайхан оронд, Очир баригчийн ивээлд хүмүүн төрөл олсон Монголчууд та бид үнэхээр азтай агаад атаархам хувь заяатай хүмүүс ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Гагцхүү бид одоо эвийг бат сахин, хүчийг нягт нэгтгэн, улам ихийг хийж бүтээх, хөгжин дэвжихийн төлөө илүү ихээр тэмүүлэх, хичээх цаг иржээ. Хүний явдал өөрчлөгдөж, дэлхийн байдал хувьсаж байна. Бид өөрсдөө л хичээхгүй бол, одоо л хичээхгүй бол хожимдоно, хоцрогдоно. Хичээвэл хөгжил дэвшилтэй хөг нийцнэ, хотол даяартай хөл нийлүүлнэ. Хичээл зүтгэлийг тэтгэх ХАРСАН ТЭНГЭРтэй улс билээ монголчууд бид.

Сүрлэг энэ хайрхан уул шигээ ихэмсэг агаад эрхэмсэг оршихуйн тэнгэрлэг заяа бидэнд бий. Та бид саяхан төрийн эрх барих байгууллагаа ардчиллын зарчмаар сонгож байгууллаа. Төр ёсны их баяр наадмаа улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалт үр дүнтэй болсны сацуу, дэлхийн 53 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон Ази, Европ хоёр тивийн буюу ACEM-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулав. Монгол Улс зууны боломжийг ашиглалаа. Бид дэлхийд нэг шат ахилаа.

Миний эх орон энэ бөмбөрцөг дээр хамгийн олон найз нөхөдтэй байх ёстой. Монгол Улс дэлхийн бүх оронтой сайн харилцаатай байх нь бидний эрх ашиг юм. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэдэг үг байдаг. Энэ бүхний үр дүн ирэх он жилүүдэд гарнаа.

АСЕМ-ын чуулга уулзалтад Монголчууд нэгдмэл байж, Монгол хүн эх орныхоо нэр төрийг дээдэлдэг гэдгээ харууллаа. Ард түмэндээ их баярлалаа. Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ улам улам сайнаар дуурсах болтугай.

Бүрэн эрхт улсын омог төгөлдөр Монголчууд аа,

Хэдхэн хоногийн дараа хүн төрөлхтөний спортын их наадам Олимп эхэлнэ ээ. Өнөө жилийн олимпид Монголчууд урьд урьдынхаас илүү олуулаа оролцоно. Энэ бол бахархам амжилт бас баяр баясал, монголын спорт, монгол хүний бие бялдар, оюун ухааны хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн.

Монголын анхны олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрханы рашаан сувилалд бэлтгэл сургуулилтаа хийж, Очирваань бурханы авшиг ерөөл хүртсэн тамирчид байсан гэдгийг онцолж энэ өдөр Та бүхэндээ сонордуулахад бахтай байна.

Он жил олон өнгөрсөн ч чөлөө учрал бүрдсэн энэ өдөр “Илтэд үзүүлэгч” шидтэй Очир баригчийн рид хувилгаан чанарт бишрэн бахдаж, олон түмнийхээ талархал сэтгэлийг дашлуулан өргөхийн ялдамд олимпод оролцогч тамирчдынхаа онгод хийморийг бадрааж, Алтан соёмбот далбаагаа Риогийн тэнгэрт дахин дахин мандуулахыг хүссэн зон олныхоо эгээрэл хүслийг Этүгэн хайрханыг эрхшээгч тэнгэр Танаа даатгаж өчье, ивгээл соёрхолдоо багтаана уу.

Монголын тамирчдын од гийж, Монгол төрийн дуулал дэлхий дахинаа дахин дахин эгшиглэх болтугай.   Хурай  хурай  хурай

Хурсан олон иргэд ээ, хувь хишигт Завханчууд аа,

Хамаг олон ардын оройн дээд шүтээн хайрханы онгод тэнгэр, нөхөр сэлт хийгээд орон дэлхийн лус савдаг, эзэн сахиус нугуудаа баясган цэнгүүлэх ёслол хүндэтгэлээ жудаг ёсыг сахиж, журамтай сайхан үйлдээд, бие сэтгэлээ ариусгаад, бэлгэтэй үгсийг хэлцэж, буянтай үйлсийг бүтээж, өрх гэр, төр улсаа өнөд оршоож, өөдлөн мандуулахыг Та бүхэндээ хандан уриалъя.

Та бүхэн цагийн хүрдний зогсолтгүй эргэлтээр улиран одсон он жилүүдэд төрсөн нутгийнхаа гал голомтыг мандуулж, аймаг орноо улам хөгжүүлэн, бахархал омогшил үүсгэсэн олон үйл явдлын гэрч болж нутаг усныхаа нэгэн цагийн түүхийг хамтдаа бүтээж буурал түүхийн хуудаснаа баринтаглан үлдээлээ.

Халуун хошуутай адуун болоод хонин сүргүүдээ түм, бумд хүргэн, эрдэнэт мал сүргийнхээ тоог 3 саяас давуулан өсгөжээ. Эрдэмлэг, оюунлаг хүн зоны үйлс өрнүүн,  бүтээл туурвил арвин, арга билиг нийлэмжтэй байсанд Монгол Улсын Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

Өнгөрсөн он жилүүдэд Идэр, Тэсийн голын гүүр, Тосонцэнгэл хүртэлх хар зам, Донойн нисэх буудлын зам, Улиастай хотын гэрэлтүүлэг, эмнэлэг, сургууль, багийн хөгжлийн төв зэрэг хийж бүтээсэн ажил ихтэй байна. Улсын тэргүүний аймаг хэмээх хүндтэй алдарыг хүртжээ.

Хутагтын орны хүмүүн Завханчууд Та бүхэндээ ажил үйлсээ дэгжээж, аймаг орноо улам хөгжүүлж, улсынхаа хөгжилд түрлэг нэмж, уугуул ус нутагтаа өнөржин жаргахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол хүн бүр онгон сүрлэг Отгонтэнгэр уул шигээ орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, тэнгэрлэг бадрангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

Монголчууд бид улс орныхоо өмнө тулгарсан амин чухал зорилтуудыг хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж чадах аваас хотол олны минь амьдрал ахуй чинээлэг, хүн ардын зүрх сэтгэл амгалан, үр хүүхдүүдийн маань эрдэм ухаан төгс, зориг тэмүүлэл ирмүүн байх болно.

Олон түмэн та биднийг Очирвааны тэнгэр ямагт тэтгэх болтугай.

Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

Хурай,  Хурай,  Хурай” гэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв.

Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншин, цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий аймгийн мэргэн хавраачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөв.

Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Отгонтэнгэр ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Бор морийг Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн малчин Б.Баттулгын адуун сүргээс сонгосон байна.

Отгонтэнгэр уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт 30 мянга гаруй хишигтэн олон оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байв.

Отгонтэнгэр уулыг эртнээс нааш тахиж “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж хүн зон олон идээнийхээ дээжийг өргөн сүслэж ирсэн түүхтэй Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш