logo
Элэгний эмчилгээний мэргэжилтэнгүүд иргэдэд зөвлөгөө өгнө

Элэгний эмчилгээний мэргэжилтэнгүүд иргэдэд зөвлөгөө өгнө

2016/07/28

Өнөөдөр “Дэлхийн хепатитын өдөр” тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан "Оном" сангаас "Элэг бүтэн Монгол" нээлттэй өдөрлөгийн хүрээнд элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан "Оном" сангаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг байна. Тодруулбал, В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоог тэд гаргажээ. Үүнээс С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг. Мөн элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж.

Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн байна.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.

Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн "Ледвир", "Ледифос", "Вирпас", "Хепсинат" эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг хөтөлбөрийг санаачлагчид онцолж байв.

Мөн 10.00 цагаас эхлэх "Элэг бүтэн Монгол" нээлттэй өдөрлөгийн үеэр элэгний өвчлөлийн чиглэлээр мэргэжсэн эмч, мэргэжилтнүүд иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Мөн иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.

Харин 12.00 цагт өдөрлөгийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш