logo
Хилийн худалдаанд 7000 хүн иржээ

Хилийн худалдаанд 7000 хүн иржээ

2011/10/25
ОХУ-ын Тува, Увс аймгийн хооронд хоёр улсын хил дээр жил бүр уламжлал болон зохиогддог хилийн худалдаа  Хандгайт боомтод саяхан болж хоёр талын  7000 гаруй хүн ирж бараа бүтээгдэхүүн борлуулсан  байна.
    Дөрвөн өдөр  үргэлжилж  хоёр талаас 1400 орчим ачааны машинаар бараа тээвэрлэж ирсэн бизнес эрхлэгчдээс монголчууд наад зах нь  1,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн дүн гарсан бол тэнд очсон зарим бизнес эрхлэгчийн баримжаалснаар гурван тэрбум төгрөг хүрсэн хэмээн ярьж байлаа.
    Зөвхөн аж үйлдвэрийн бараа борлуулах 265 лангуу ажиллуулсан бөгөөд хоёр талаас худалдаа үйлчилгээг зохион байгуулалт сайтай, соёлтой, ариун цэвэр, хэв журмыг чанд сахиулснаараа онцлог болсныг бизнес эрхлэгчид болон зохион байгуулагчид хэлж байлаа. Мэргэжлийн хяналтын ажилтнуудын хяналт шалгалтыг зохих шаардлагын дагуу хийж, дутагдал доголдлыг тухай бүр арилгуулж зөвлөлгөө өгч ажилласан байна. Наад зах нь бүх хог хаягдлыг газар дээр нь  нэг цэгт төвлөрүүлэн шатаан устгажээ. ОХУ-ын Тувагийн талаас Хил орчим зорчих түр эрхийн үнэмлэхтэй 3512, албан визтэй 20, албан томилолттой хоёр хүн Монголын хилээр нэвтэрч энэ худалдаанд оролцсон байна.
    Энэ ажиллагаанд Хил хамгаалах болон цагдаа, Онцгой байдал, МХГ, Эрүүл мэндийн болон мэргэжлийн тогооч нар ажиллаж үүргээ сайн биелүүлсэн үнэлгээ авчээ. Энэ  жилийн яармаг худалдаа нь өмнөх үйл ажиллагаанаас зохион байгуулалт, дэг  журам, үйл ажлын үр дүн ихээхэн ахицтай болсон, өмнө нь урьдчилж тохирсны дагуу бизнес эрхлэгчдийг дэмжсэн зарим  хөнгөлөлт үзүүлсэн зэргийг албаны хүмүүс онцлон тэмдэглэж, хил худалдаа нь хоёр  улсын эдийн засгийн харилцааг өргөтгөх, түншлэлийн холбоо тогтоох, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж болохыг албан ёсоор дүгнэсэн байна. Харин тус боомтоор зорчих визний хөнгөлөлт үзүүлэх, Хандгайтыг чөлөөт бүс болгох зэрэг тулгамдсан асуудлыг төр засаг анхаарч шийдвэрлээсэй  гэсэн яриа хүсэлт  байнга гарсаар байдаг нь ч энэ удаад мөн л яригдсан байна.

Б. Норов
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш