logo
Түүхий самар давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг

Түүхий самар давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг

2016/08/24

Нийслэлийн гудамж талбай, ил задгай газар түүхий самар жимс ихээр худалдаалагдах болсон. Тиймээс иргэдийг болц нь гүйцээгүй байгаа самрыг худалдан авахгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна. Хуш модны самрыг бэлтгэх хугацааг болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг, хугацаа бүрийг ялгавартай тогтоосоор ирсэн. Ингэхдээ ойн анги, байгаль хамгаалагч, “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн төр захиргааны төв байгууллагаас тогтоодог.

Тиймээс самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг иргэд та бүхэнд анхааруулж байна.

Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг. Тиймээс түүхий самар жимс идсэнээр халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах гол нөхцөл болж эрүүл мэндэд  нөлөө үзүүлдэг юм. Нөгөөтэйгүүр, болц нь гүйцээгүй самрыг түүхийн тулд модыг мунаар хүчтэй цохиж гэмтээх, мөчрийг нь хугалах, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж.  Иймээс иргэдийг түүхий самар түүх болон бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш