logo

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2016/08/26

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн энэ оны 32 дахь дугаар өнөөдөр хэвлэгдэн гарлаа. “Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 32 дахь дугаарт “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 249 дүгээр тогтоолыг нийтэллээ.

Энэхүү тогтоолоор баталсан журмаар Төрийн захиргааны төв болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4.1-6.4.3, 6.5.1, 6.5.2-т заасан урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах юм.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байгаа бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх зарчим, хэрэгжүүлэх чиглэл, хүрэх үр дүн, бодлогын зорилт, хэрэгжүүлэх арга зам, үе шат, нөөц, санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой мэдээллийг “Төрийн мэдээлэл” -ээс авах боломжтой.

Мөн эмхэтгэлд “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү журмаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.4, 12.6, 12.8.4, 12.9-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нөхөн төлөх болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршиж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 32 дахь дугаарт “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай”, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш