Жүжигчин Г. Эрхэмбаяртай хамтран “Мөрөөдлийн театр” нээж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
Би УДЭТ-т 2006 онд орсон. Энэ цагаас хойш Эрхэмбаяр бид хоёр реклам, клип, кино, жүжиг гээд театртай холбоотой бүхий л ажлуудад хамтран оролцож ирсэн л дээ. Жүжигчин хүний хүсэл мөрөөдөл бол театрын урлагт хүчээ үзэх, өөрсдийн гэсэн хамтлаг, продакшн, театраа байгуулж уран бүтээлээ туурвих явдал байдаг. Тиймээс бид театр байгуулахыг эрхэм зорилгоо болгосон юм. Театр байгуулах ажил маань хэдэн жилийн өмнө мөрөөдөл байсан бол одоо бодит биеллээ олчихоод байна.
Яагаад “Мөрөөдлийн театр” гэж нэрлэх болов?
Өөрөө хүсч, зорьж, хөдөлмөрлөж чадвал мөрөөдөлдөө хүрч болдог юм байна гэдгийг илэрхийлэх үүднээс “Мөрөөдлийн театр” гэдэг нэрийг өгсөн. Бид хоёр олон сайхан жүжгүүдийг амилуулж, “Мөрөөдлийн театр”-аар дамжуулан үзэгчдэдээ хүргэх болно. Тун удахгүй “Мөрөөдлийн театр”-ын анхны жүжиг тоглогдох гэж байна.
Ямар жүжиг тоглох гэж байгаа вэ?
Оросын алдартай зохиолч В. Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тоглох гэж байгаа. “Ууган хүү” бол Оросын бүх театруудад тоглогдож байсан дэлхийд алдартай бүрэн хэмжээний театрын жүжиг юм. Энэ жүжгийг бид Монгол сэтгэхүйд ойртуулж, Монголынхоо үзэгчдэд зориулж “Миний нууц хүү” гэсэн нэртэйгээр тавих гэж байна. Энэ жүжигт маань Ардын жүжигчин Г. Мягмарнаран, МУГЖ Ж. Оюундарь, залуу уран бүтээлчидийн хамт оролцон тоглоно. Жүжгийн ерөнхий найруулагчаар “GO” студын найруулагч Д. Галбаяр ажиллаж байгаа. Д. Галбаяр маань анх удаа театрын жүжиг тавьж үзэх гэж байна. Залуучуудын оюун ухаанаас юу гардгийг, залуучууд нэгдэхээрээ юу бүтээж чаддагийг харуулахыг зорьж байгаа учраас Галбаярыг найруулагчаар сонгосон юм.
Жүжгийн нээлт хэзээ болох вэ?
Одоогоор жүжгийн бэлтгэл ажилдаа явж байна. Яг хэзээ нээх нь тодорхойгүй байгаа. Ирэх 11-р сард багтаад нээлтээ хийнэ гэж төлөвлөөд ажиллаж байна.
Г. Эрхэмбаяр та хоёроос өөр “Мөрөөдлийн театрт” харъяалалтай жүжигчин байгаа юу?
Хэд хэдэн чанартай уран бүтээлийг тавьсаны дараагаар бүрэлдэхүүнээ нэмнэ. Цаашид хөл дээрээ бат зогсож үзэгчдийн зорин очих дуртай театр болно хэмээн итгэж байна. Монголд драмын урлаг маш их хөгжиж байгаа. “Мөрөөдлын театр” үүний нэг илрэл болж өөрсдийн гэсэн өнгө аястай, хэлэх үгтэй, залуу хүний эрч хүчийг харуулсан сайхан театр байх болно.
Г. Эрхэмбаяр та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхлэв ээ?
Би театрт ороод Эрхэмээтэй найзалж эхэлсэн. Бид хоёрыг театр холбосон юм. Эрхэмээ бол миний уран бүтээлийн хийгээд амьралын маань хамгийн сайн найз. Бид хоёрын ярилцсан, бодож төлөвлөсөн маш олон зүйл байгаа. “Мөрөөдлийн театр” бол сэтгэлийн хөөрлөөр хийсэн зүйл биш. Бид хоёрын олон жилийн өмнөөс төлөвлөж байсан зүйл юм. Бид гар нийлж ажилладаг, сайхан найзууд.
Та олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлж байдаг хүн. Нөхөрлөлийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Миний хувьд нөхөрлөл гэдэг итгэлцэл дээр тогтдог. Бие биенийхээ үгийг даадаг байх хэрэгтэй. Миний хувьд найзуудаа аль болох гомдоохгүй юм сан гэж хичээдэг дээ. Би олон сайхан найзтай байхыг эрхэмлэдэг. Тиймээс найз нөхдөө үргэлж нэгт тавьдаг. Надад салбар бүрийн найзууд байдаг. Миний төрсөн өдрөөр бүх найзууд маань цугладаг юм. Тэр нэг жилийн төрсөн өдрөөр 60 гаруй хүн ирсэн байсан. Бүгд эрчүүд цугласан гээд боддоо. Эрчүүдийн нөхөрлөл гэдэг эмэгтэйчүүдийнхээс их өөр шүү дээ. Эрчүүдийн нөхөрлөлийг олон сайхан зүйлтэй зүйрлэж болно. Нэг үгээр хэлбэл агуу зүйл юм.
Энэ жил дэлгэцийн бүтээлд их тоглосон. Ямар кинонуудад дүр бүтээв?
Энэ онд би дөрвөн кинонд тоглосон. Эхнийх нь Хятадуудтай хамтран бүтээсэн, арван гуравдугаар зууны үеийн түүхийг харуулсан “Аравт” кино байгаа. Энэ кинонд би хамгийн отгон баатар болох Уужимын дүрийг бүтээсэн юм. Мөн энэ зун Шведэд хийгдсэн, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын амьдралыг харуулсан “Цэлмэг тэнгэр” кинонд тоглосон. Зуун хувь гадаадад зураг авалтаа хийсэн анхны кино болж байгаа юм. “Өнгөт инээд” хамтлагийн бүтээсэн “Дурлалын сум” кино одоо монтажныхаа ажилд явж байна. Эдгээр кино тун удахгүй нээлтээ хийнэ. Мөн саяхан нээлтээ хийсэн Монголын анхны 3D кино болох “Сайн муу хэрцгий” кинонд тоглосон байгаа.
Өөрийг чинь уран уншлагын CD гаргах бодолтой явдаг гэж сонссон. Энэ ажилдаа хэр анхаарч байна вэ?
Драмын театрт байхдаа өгүүллэгийг дүрсжүүлж, телевизээр олон нийтэд хүргэх ажлыг санаачилсан. Уран уншлагын ганцаарчилсан төрлөөр бүтээл туурвидаг Чаминчулуун, Равдан, Жагдаг зэрэг алдартай хүмүүсийн халааг нь авч, тэдний ажил үйлсийг тасалдуулахгүй байх үүднээс хэд хэдэн өгүүллэгүүдийг дүрсжүүлсэн юм. Цаг зав багатай байгаа учир энэ ажлаа түр хойш нь тавьчихаад байгаа. Одоогоор таван өгүүллэг уншаад, бэлэн болчихсон. Нийтдээ арван өгүүллэгтэй болчихвол дүрсжүүлээд DVD гаргая гэсэн бодолтой явдаг.
Та олон төрөл жанраар уран бүтээл туурвидаг шүү дээ. Цаашдаа ямар төрлөөр голчлон ажиллах вэ?
Манай багш хэлдэг байсан юм. Жүжигчин хүн өөрийнхөө мэргэжилд холбоотой бүх төрлүүдэд тэнцүүхэн ажиллах ёстой гэж. Би багшийнхаа захисаныг үргэлж бодож явдаг. Тэр утгаараа кино, драм, хошин урлаг, уран уншлага гээд бүх жанруудад тэнцүүхэн ажиллах бодолтой байдаг. Аль нэг зүйлийг голчлохгүй ээ.
Саяхан үрийн зулай үнэрлэсэн шүү дээ. Хүүдээ ямар нэр өгсөн бэ?
“Аравт” түүхэн кинонд өөрийн тоглосон дүр болох Уужим баатрын нэрийг хүүдээ хайрласан. Удахгүй хүү маань өсөж томроод сайхан баатар эр болно шүү дээ.
Сонин хэвлэлээр Насаа та хоёрыг эв түнжин муутай гэх зэргээр янз бүрээр л бичдэг. Үүнд та хэрхэн ханддаг вэ?
Залуу хүмүүст асуудал мэдээж байлгүй яахав. Гэхдээ сонин хэвлэлээр бичсэн шиг тийм зүйл байхгүй л дээ. Би түүнд нэг их ач холбогдол өгөөд, санаа зовоод байдаггүй ээ.
Алтаншагайг хамгийн үнэтэй хөтлөгч гэдэг. Нууц биш бол хэдэн төгрөгөөр хөтөлдөг вэ?
Жүжигчин хүн сайн хөтлөгч байх хэрэгтэй гэж би боддог. Яагаад гэвэл хөтлөгч хүнээс илүү жүжигчин хүн тайзан дээр гарч тухайн баярын арга хэмжээг хөтлөх нь тэс өөр өнгө төрхтэй харагддаг юм болов уу гэж боддог. Тэр утгаараа би үйл ажиллагаануудыг хөтөлдөг юм. Захиалгууд ч их ирдэг. Залуу хүн болохоор санхүүгийн хувьд амьдралд их нэмэр болдог л доо. Үнийн хувьд одоохондоо нууцалж байна. Тухайн үедээ хүмүүстэйгээ ярилцаж байгаад л шийддэг.
Дуучин Нара та хоёрыг сайн найзууд эсвэл амрагууд гээд л янз бүрийн мэдээлэл их гардаг. Энэ талаар та хариулт өгөхгүй юу?
Нара бид хоёр “Дуэт Дуэль” нэврүүлэгт түрүүлээд Хайнань явж амарсан юм. Тэр үеэс л янз бүрээр бичих болсон. Нара бид хоёрын хувьд уран бүтээлийн энгийн сайхан найзууд л даа. “Дуэт дуэль” –д оролцохдоо дуулж байсан дуунуудаа янз бүрийн арга хэмжээнүүдэд хамтран дуулдаг. Би удахгүй хэдэн дуу гаргая гэсэн бодолтой байгаа. Арван жилд байхдаа жүжиглэхээсээ илүү дуу их дуулдаг байсан. Тиймээс дуучин болно гэж боддог байсан юм. Одоо ч оройтоогүй байна. Жүжигчин хүн яагаад дуулж болохгүй гэж. Олон сайхан дуулдаг жүжигчид байдаг шүү дээ.
Та олон зүйлд өөрийгөө сорих дуртай юм аа. Кино, жүжгийн зохиол бичих бодол байдаг уу?
Би шүлэг, зохиол бичихдээ тааруухан л даа. Тэрнийгээ сайн мэддэг болохоор зохиол бичих бодол байхгүй ээ. Сайн зохиол бичдэг хүмүүсийн бүтээлийг тайзан дээр амилуулах л миний гол зорилго шүү дээ.
Цаашид хийх гэж төлөвлөж байгаа зүйлээсээ хуваалцахгүй юу?
Цаашдаа драмын урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна. Манай байгууллага “Мөрөөдлийн театр” гэдэг нэртэй боловч зөвхөн театрын уран бүтээл хийхгүй. Кино, телевизийн нэвтрүүлэг, олон сайхан телевизийн жүжгүүдийг хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Бүхий л салбарт ажиллах бодолтой явна даа.