Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийж түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин сэжигтнээр татсан талаар мэдээлсэн. Тодруулбал тэрбээр, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин намайг хууль бусаар сэжигтнээр татлаа. Маш ноцтой, маш их эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Хуулийн дагуу зүйл алга. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд мэдээлэл хийж байгаа юм. Сонгуулийн дараа намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөөгүй байгаа. Гэвч дахин яллагдагчаар татаад байна” гэсэн юм.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ хэргийг тагнуул, цагдаа болон прокурорын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Оны өмнөөс С.Зориг агсны хэрэгт түүний эхнэр Б.Булганыг шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Б.Булганаас гадна хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан байцааж байгаа юм.