logo
Залуус ургац хураалтанд оролцлоо

Залуус ургац хураалтанд оролцлоо

2016/09/15
Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Ерөө сумын Залуучуудын Холбоо хамтран “Намрын ажил-IV” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг дөрөв дэхь жилдээ зохион байгууллаа. 

Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клуб болон сайн дурын 40 гаруй  оюутан залуу оролцож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйн хүнсний ногоон талбай дээр 2016. 09. 09-12-ны өдрүүдэд ажиллалаа.

Энэ хугацаанд  залуус Ерөө сумын бүтээн байгуулалт болон тариан талбай, үтрэм дээр очиж Долт ХХК-ий тариалангийн аж ахуйтай танилцан, байцаа, лууван, төмс хураах ажилд гар бие оролцон 5 тонн орчим ногоо хураасан юм.



Сэлэнгэ аймгийн Ерөө сум мал ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг бөгөөд сүүлийн үед  уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус сумын нийт хүн амын 60 орчим хувийг залуучууд эзэлдэг ч тэдний дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллан газар тариалангийн салбар руу орж ажиллах нь багассан байна.

Залуучууд ногоо тарихаа больж, дан настайчүүд энэ салбарт ажиллаж, хүч хүрдэггүй талаар нутгийн ногоочид ярьж байлаа. Түүнчлэн “Ногооны ченж нар нэг килограмм ногоог 200-300 төгрөгөөр бодож худалдаж авч, лангуун дээр  зарахаараа 1000-аас дээш төгрөгөөр зардаг. Энэ талаар дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэйг ч мөн онцолж байлаа.

Тарианланчдын хувьд 9, 10-р сар бол хамгийн ачаалал ихтэй оргил үе байдаг бөгөөд энэ үед залуус нэгдэн ургац хураалтын ажилд нь хүч нэмэн тусалж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Намрын ажил” төсөл юм. Төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж, одоогоор 1000 гаруй залуус хамрагдаад байгаа аж.



Ургац хураалтанд оролцсон залуус ч ирэх жилээс илүү олон найз нараа хамруулж, ажил хөдөлмөрийн амьд амтыг мэдрүүлнээ хэмээн сэтгэл хангалуун байсан юм.

Энэхүү ургац хураалтын ажил нь  анги хамт олон, найз нөхдөөрөө нэгдэж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан хуучны сайхан уламжлалыг дахин сэргээх, залуусаа  нэгтгэж хөдөлмөрлүүлэх, ажлын үр шимийг хүртэхэд чухал нөлөө үзүүлж чадлаа.









 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш