logo
Сү.Батболд та Монгол төрийн сайд байхдаа ч оффшортой холбоотой байсан уу?

Сү.Батболд та Монгол төрийн сайд байхдаа ч оффшортой холбоотой байсан уу?

2016/09/29

Багамын арлын оффшор дансны нууц мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр дээр бүртгэлтэй алт олборлогч компанийн хаяг бүхий мэдээлэл гарч ирсэн гэх мэдээлэл гарсны араас С.Батболд өөрөө биечлэн дуугараагүй ч, өөрөөр нь овоглогддог Алтай ХолдингХХК-иас нь албан мэдэгдэл гаргаад байгаа. Тэнд өгүүлснээр бол С.Батболдод буруу хийсэн зүйл нэг ч ширхэг байхгүй бөгөөд тэр бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг гэсэн ойлголтыг өгч байгаа юм.  Гэхдээ тус компанийн мэдэгдэлд анхаарал татсан зүйлийг өгүүлжээ. Юу гэхээр “С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө Монгол Улсын бүртгэлийн байгууллагуудад эдгээр компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд холбогдох мэдээллийг ил тодоор өгч байсан тул эдгээр мэдээллийг холбогдох байгууллагууд сайтар мэдэж байсан төдийгүй өнөөдөр ч мэдсээр байгаа. Бороо гоулд нь 1998 оноос дийлэнх хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төсөл байсан бөгөөд 2007 оноос 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт бүхий компани болсон.” гэсэн байгаа юм.

Тэгэхээр С.Батболд болон түүний эзэмшлийн “Алтай Холдинг”-ийн тухайд “Бороо гоулд”-тай хамтарсан түншлэлээ 1998-2007 он хүртэл хадгалсан уу гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө л оффшортой холбоотой байсан гэдэг асуудал үгүйсгэгдэж байгаа юм.

Панамын баримтууд дотор Монголын хэд хэдэн улстөрчдийг оффшор данстай гэх мэдээлэл байсан нь, ил болж шуугиан дэгдээж байсан нь дөрвөн сарын өмнөх үйл явдал. Тэдгээр оффшортнуудын нэг гэгдэж байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд тайлбар хийхдээ “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн  нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан.”Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана”Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулсан.” гэхчлэн хэлж ярьсан.

Тэгэхээр С.Батболд эрхмийн тухайд Монгол төрийн сайдын албыг  хашиж эргэлт буцалтгүйгээр засгийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн он жилүүддээ ч оффшортой зууралдаж байсныг өөрийнх нь тайлбараас харж болж байгаа юм.

Түүнчлэн өмнөх мэдээллүүдийг эргэн сануулахад,  Панамын баримтууд дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бату майнинг” компанийн нэр байсныг эргэн санах хэрэгтэй болж байна. Тус компани нь Оросын хөрөнгө оруулалттай бөгөөд хойд хөршийн тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшлийнх гэх мэдээлэл бий.  Харин Ерөнхий сайд асан Сү.Батболдыг тус компанид хувь оролцоотой гэсэн мэдээлэл байсан юм. Ер нь бол “Бату майнинг” компани Монголын уул уурхайн салбарт олон лицензийг мэдэлдээ авсан гэдгээрээ тодотгогдож байдаг. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж явсан, өдгөө гадны оронд бүгэх болсон Б.Энэбиш нь  “Бату майнинг” ХХК-ийн захирал байсан юм. Тэрбээр  “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байхдаа Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн гэгддэг. Тэгэхдээ тэдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Жинхэнэ эзэн нь бол Олег Дерипаска болоод Сү.Батболдын хамтрал байж болзошгүй гэж харагдаж байгаа талаар хэлэгсэд байдаг.

Дашрамд, О.В.Дерипаскагийн тухай товч өгүүлэхэд 1990 оноос бизнесийн гараагаа эхлүүлсэн тэрбээр 1994 онд “Алюминпродукт” компани байгуулж, ах дүү Лев ба Михайл Черный нартай хамтарч Хакасын Саяногорскийн хөнгөн цагааны үйлдвэрийг аваад ерөнхий захирал нь болсон байдаг. Харин 3 жилийн дараа  “Сибирский алюминий” хэмээх постзөвлөлтийн үеийн том үйлдвэр-компанийг өөрийн болгож 2001 онд “Базовый элемент” компаниа байгуулжээ. Цаашлаад Оросын хөнгөн цагааны цогцолбор байгуулахаар ажиллаж,  бизнесийн бусад салбарт ч хөл тавьжээ. Барилгын архитектур, нисэх, автомашины үйлдвэрлэл, төмөр замын зүтгүүр, ачааны вагон засвар үйлдвэрлэл гээд л том гэсэн бүхэнд оролцох болсон байдаг.2010 оноос түүний “Русал” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн байдаг.

Тэрбээр  Оросын хамгийн баян хүмүүсийн эхний байруудад байнга бичигддэг бөгөөд “Форбес”-ын дэлхийн баячуудын жагсаалтад 171-д эрэмбэлэгдээд байсан юм. За харин тэр чухам яагаад Монгол руу хараагаа бэлчээн, улмаар хөл тавих болсон бэ гэхээр Тавантолгойн төмөр замыг тавих гол санхүүжилтийг О.Дерипаска гаргана гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан билээ. Тодруулбал, “Тавантолгой” төсөлд оролцох саналаа ирүүлсэн Оросын талын хамтарсан консорциумын нэгд түүний “Базовый элемент” компани багтаж байсан түүх бий. Ер нь бол Олег Дерипаска төмөр зам, эрчим хүчний ашиг сонирхлоор Монголд хөл тавьж, тэр замдаа олон арван хайгуулын лицензийг гартаа оруулсан гэгддэг. Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухайд бизнесийн уртаас урт замналтай нэгэн хийгээд энэ мэтээр элдэв олон асуудалд ороогдож ирсэн нэгэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш