logo
Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

2016/10/06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны аравдугаар сарын 05-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгссөнөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх юм.

2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм. Боловсролын сангийн зээлийн журмыг аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш