logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ

2016/10/10

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 38 дахь дугаар өнөөдөр хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсан юм.

Зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд ажиллах бөгөөд орлогч даргаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга ажиллах юм байна. Түүнчлэн тус зөвлөлийн гишүүдэд Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Ерөнхий Аудиторын орлогч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Сангийн дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд зэрэг 31 байгууллагын удирдлага багтжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш