Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төсөл, ХБНГУ-ын “Интегрейшн И-И” ХХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэж чадавхижуулахаар Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна.
Сургалтын хөтөлбөрт онол дадлагыг хослуулан, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай ажиллуулах мэдлэг, мэргэжлийн чадварыг бий болгож, мэргэшүүлэх байдлаар зохион байгуулахаар тусгасан юм.
ХБНГУ-ын төслийн багт ажилласан олон улсын экспертүүд эрчим хүч хэмнэлтийн мэргэжилтнийг бэлтгэх сургагч багш нарт зориулсан анхны сургалтыг удирдан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Өнөөдөр ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Др. Кристиан Гласс, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн, Эрчим хүчний үр ашиг төслийн удирдагч Бёорн Валштедь болон ХБНГУ-ын төслийн багийн экспертүүд Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудад гардуулан өглөө.
Мөн энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооноос сургалтанд хамрагдсан эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх сургагч багш нарт ГЭРЧИЛГЭЭ гардуулан өгсөн юм. Ийнхүү Монгол улсад эрчим хүч хэмнэлтийн мэргэжилтнийг бэлтгэх суурь тавигдаж байна.