logo
Богд уулын 3,6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ

Богд уулын 3,6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ

2016/10/17

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богд хан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж байгаа том хот болж байгаагийн хувьд хот орчмын аялал зугаалгын бүсийг зайлшгүй бий болгох хэрэгтэй.

Мөн цаашдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтарч Богд хан ууланд аялал жуулчлалын том маршрут бий болгоно. Шаардлагатай гэж үзвэл зарим газруудыг чөлөөлж стандартад нийцсэн зочид буудал, явган болон авто машины зам, зогсоол зэргийг шийдэх хэрэгтэй. Энэ ажлын эхлэл болгож явган аяллын замыг тохижуулан, стандартын маршруттай болголоо. Үүнээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй хайрхан болон Туул, Сэлбэ, Дунд голуудын эрэг дагуу аялал жуулчлалын бүс, явган аяллын замуудыг бий болгоно. Үүнийг төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийнхэнтэй хамтран хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сандал, ширээ, сүүдрэвч, хашлага, гүүр, мэдээллийн самбар болон Богд хан ууланд амьдардаг ан амьтдын танилцуулга, тайлбарыг байршуулсан байна. Тус тохижилтын ажлын ашиглалтыг Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажиллана.











АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш