logo
Сурагчдын амралт ирэх сарын 3-аас эхэлнэ

Сурагчдын амралт ирэх сарын 3-аас эхэлнэ

2016/10/24

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичэлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталлаа. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргалаа. 

Энэхүү хичээлийн жилийн бүтцээр дараах асуудлыг зохицуулсан:

Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийлээ. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон.

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг  холбогдох аймгийн Засаг даргад олгож байна.

Ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгасан.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчид зуны амралт 5 дугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэнэ.

Бага ангийн сурагчид олон хоног амарснаар өмнө үзэж судалсан зүйлээ мартсаныг сэргээх, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа зарцуулах шаардлага гарч энэ нь сургалтын чанарт нөлөөлж байсан тул бага ангийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг зохистой болгосон.

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед 3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид 2 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амрана.

Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа 

- Нийслэлийн сурагчдын:

o   1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног; 

o  2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,

VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

o 3 дугаар улирлын амралт 

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

o   Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

o   1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

o   2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,

VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

o   3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног;

o   3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

o   Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш