logo
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд Улаанбаатар хот салбарын яамтай хамтарч ажиллана

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд Улаанбаатар хот салбарын яамтай хамтарч ажиллана

2016/10/26
Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Санамж бичигт нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэн ажиллахаар тусгасан байна.  Нийслэл хотод хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн арга хэмжээнд Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг хамруулж,  нийслэл, дүүргийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг оролцуулах болон хуулийн хүрээнд гүйцэтгүүлэх талаар дэмжлэг үзүүлэх юм.
 
Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллана. Мөн Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах зэрэг заалтууд санамж бичигт тусгагджээ. Нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалахад мөн талууд хамтарна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд цэргийн алба хаагчдыг ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцуулахаас гадна хуурайшилт ихтэй улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийг татан оролцуулна. Талууд санамж бичгийн хүрээнд тухайн жилд хийх ажлаа төлөвлөн, хэрэгжилтэд нь харилцан хяналт тавьж, оны эцэст дүгнэж байх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Батлан хамгаалах яам, нийслэл хотын хооронд уламжлалт хамтын ажиллагаа байдаг. Нийслэл хот бол Монгол улсын хүн амын тал хувь нь суурьшсан хот. Тэр утгаараа батлан хамгаалахын чиглэлээр иргэдийг сургаж, дадлагажуулах, цэргийн насны хүмүүсийн дайчилгаа сургалтын чиглэлээр хамтран ажилладаг. Энэ мэтчилэн ирэх 4 жилд хэрхэн хамтарч ажиллах талаар өнөөдөр гарын үсэг зурлаа. Онцгой байдал тохиолдсон үед болон тайван цагт талууд ямар үүрэг хүлээж ажиллах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн байгаа” гэлээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Өмнө ч бид нягт хамтын ажиллагаатай байсан. Өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурснаар энэ харилцаа илүү тодорхой болох ач холбогдолтой. Батлан хамгаалах салбарын багц хуулиуд батлагдсантай холбоотойгоор салбарын үйл ажиллагаа, цар хүрээ өргөжсөн. Энэ хэрээр батлан хамгаалах салбарын бодлого, ажиллагааг сурталчлах, иргэдтэйгээ хамтарч ажиллах шаардлага бий болж байна. Тиймээс салбарын яам нийслэлтэй хамтарч, өргөн цар хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна.” гэсэн юм.
 
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон албаны бусад хүмүүс Бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш