МҮОНРТ-ийн уран бүтээлчид буюу Олон нийтийн радиогийн редактор Д.Бат-Орших, редактор Б.Отгон-Эрдэнэ нарын бүтээл Ази-Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн холбооноос жил болгон зохион байгуулдаг "ABU Prize 2016" наадмын тусгай шагналыг хүртлээ.
"ABU Prize" уралдааны өргөдлийн материалуудыг жил бүрийн тавдугаар сард хүлээн авдаг бөгөөд энэ жил МҮОНРТ-ээс нийт таван уран бүтээлч радио драм, радио мэдээ, баримтат нэвтрүүлэг болон телевизийн баримтат киноны төрөлд өрсөлдсөн. Наадамд оролцсон материалуудын сонгон шалгаруулалтыг 2016 оны есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Малайзийн Куала Лумпур дахь Ази-Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн холбооны төв нарийн бичгийн газарт хийсэн байна.
Тус шалгаруулалтад МҮОНРТ-ийг төлөөлж Үндэсний сувгийн захирал Б.Оюунчимэг телевизийн нэвтрүүлгийн шүүгчээр оролцоод ирсэн юм.
Харин "АBU Prize -2016" наадмын шагнал гардуулах ёслол Индонезийн Бали арал дээр чуулж байгаа АБУ-ын Ерөнхий чуулганы үеэр буюу энэ сарын 24-ний өдөр болж, Радио нэвтрүүлгийн төрөлд тусгай шагнал хүртсэн Монголын радиогийн бүтээлийн батламжийг МҮОНРТ-ийг төлөөлж Ерөнхий захирал Ц.Оюундарь гардан авсан байна.
Нэмж хэлэхэд, МҮОНРТ нь 1991 онд Ази-Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн холбоонд элсэн Монгол Улсыг төлөөлсөн бүрэн эрхт гишүүн байгууллага болсон. Ази-Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн холбоо ( АБУ ) нь 1964 онд байгуулагдсан, ашгийн бус төрийн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь өнөөдрийн байдлаар дэлхийн 58 орны 220 гишүүнтэй.