logo
Тайландын вант улсад зорчих иргэдийн анхааралд

Тайландын вант улсад зорчих иргэдийн анхааралд

2016/10/27

Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас өмнө нь мэдээлж байсанчлан Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд даяар гашуудал зарласан байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах нэмэлт мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Гашуудлын эхний 30 хоног нь 11 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд энэ нь гашуудлыг нийтээр чандлан сахих хугацаа төгсгөл болно гэсэн үг.
  • Жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээний бүх газрууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, жуулчдын сонирхлыг татдаг шоу, тоглоомын парк, зах, ресторан, баар зэрэг бүхий л үйлчилгээний газрууд нээлттэй байгаа болно.

Одоогийн байдлаар хааны оршуулах ёслол болж буй Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм (Grand Palace and Wat Phra Kaeo /Temple of Emerald Buddha/) олон нийтэд 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл түр хаалттай байгаа болно.

  • Банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг болон олон нийтийн тээврийн үйлчилгээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
  • Хаантантай салах ёс хийхээр хөдөө орон нутгаас ард иргэд Бангкок хотод олноор ирж байгаатай холбогдуулан хотын замын хөдөлгөөн харьцангуй ачаалал ихтэй байгаа тул холбогдох мэдээллийг Тайландын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол шинэчлэн олон нийтэд хүргэж байгаа болно.
  • Тайландын иргэд, нэн ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа хэдий ч жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй, энгийн хувцаслаж болно. Чингэхдээ, зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард түмнийх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байхыг зөвлөж байна.
  • Гадаадын жуулчдыг тус улсад хийх аяллаа хойшлуулах шаардлагагүйг тус улсын Аялал жуулчлалын газраас уриалж байгааг үүгээр уламжилж байна.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш