logo
“Бидний тэгш хүртээмжтэй хот” төслийнхөн  тэргэнцэртэй иргэдэд ээлтэй газрын зураг гаргажээ

“Бидний тэгш хүртээмжтэй хот” төслийнхөн тэргэнцэртэй иргэдэд ээлтэй газрын зураг гаргажээ

2016/10/28

Өчигдөр буюу 10 дугаар сарын 27-ны Пүрэв гарагт Монголын Америкт төгсөгчдийн холбооноос  "Бидний тэгш хүртээмжтэй хот" төслийн хаалтын арга хэмжээ зохион байгууллаа.  Уг арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Монголын Америкт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны  дарга McKenzie Milanowski, "Бид чадна" ТББ-ын ТУЗ-ийн дарга Б.Отгонтуяа нар оролцсон юм.

АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн Элч Холбоо” ТББ-аас “Бидний тэгш хүртээмжтэй хот” хэмээх төслийг 2015 оноос жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусаж байгаа юм байна. Энэхүү төслийг АНУ-ын Төрийн Департаментийн “АНУ-д төгсөгчдийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр 7 хүний бүрэлдэхүүнтэй баг сайн дураараа хэрэгжүүлжээ.  2015 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 20’000-аад тэргэнцэртэй иргэд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс тус төслөөр олон нийтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байрлаж буй  барилга, байгууламжууд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжтэй байх ёстой талаар иргэдэд ойлголт өгөх, олон нийтэд тэгш хүртээмжийн болон барилга байгууламжид тавигддаг стандартын талаар мэдээлэл түгээх, тус стандартад нийцсэн жишиг үйлчилгээний байгууллагууд бий болоход түлхэц болох зорилготой байснаараа онцлог юм.

“Бидний тэгш хүртээмжтэй хот” төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал  олон нийтийн сүлжээгээр дамжуулан 250 мянга орчим хүмүүст тэгш хүртээмжтэй орчны талаар танин мэдэхүйн видео мэдээ мэдээлэл түгээж,  ШУТИС-ийн Барилга, Архитектурын болон МУИС-ийн Хууль, эрх зүйн ангийн оюутнуудад Монгол Улсын барилгын стандарт, тэргэнцэртэй иргэдэд зориулсан байгууламжийн стандартын талаар ойлголт мэдээлэл өгч, хэрхэн эдгээр стандартуудыг хэмжих талаар сургалт зохион байгуулжээ.

Мөн 200 орчим сайн дурын оюутан, залуучууд Улаанбаатар хотын 2000 орчим барилга, байгууламжуудын тэгш хүртээмжийн талаар мэдээлэл цуглуулж, map.minu.mn вэб сайтад оруулан УБ хотын тэргэнцэртэй иргэд зорчих бүсийн талаарх мэдээллийг шинэлэг, ойлгомжтой байдлаар гаргаж онлайн газрын зураг боловсруулсан байна. Төслийнхөн нийтийн үйлчилгээний байгууллагуудад судалгаа хийж, дараах байгууллагууд дээр тэргэнцэртэй хүмүүс чөлөөтэй нэвтэрч үйлчилгээ авах сайжруулалтыг хийжээ.

o    Эх Нялхасын Эрүүл Мэндийн Төвийн “Яаралтай тусламж”-ийн тасгийн налуу замын сайжруулалт, нийтийн бие засах өрөөний босго, хаалга, жорлонгийн бариул суулгалт, шүршүүрийг тэргэнцэртэй иргэнд ээлтэй болгон өөрчилсөн.
o    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт стандартын налуу замыг шинээр бариулж, бие засах өрөөнд тэргэнцэртэй хүнд зориулсан тулах бариул суулгалаа.
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хүслийн Ордон”  цэцэрлэгт бүх өрөөний хана дагуу зориулалтын тулах бариул суурилуулж өгчээ.

Мөн үйлчилгээний болон орон сууцны барилгыг ашиглалтад хүлээж авахдаа зайлшгүй тэргэнцэртэй иргэдэд таатай 5 шалгуурыг шалган авч, мэдээллээ сайн бүртгэх тогтолцоотой болгохыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас хүсчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш