logo
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн шинэ номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн шинэ номын нээлт боллоо

2016/11/10

УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцангийн бичсэн “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” номын нээлт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болов.

Шинэ бүтээлийн нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Х.Нямбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, профессор, багш нарын төлөөлөл оролцов.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нь Монголын төр ёс, хууль цааз, Үндсэн хуулийн эрх зүйтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй ном, сурах бичгийг дангаараа болон хамтран бүтээж хэвлүүлжээ. Түүний өмнөх бүтээлүүдийн нэг болох “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” ном нь Монголын Үндсэн хуульт ёс, ардчилсан тогтолцооны түүх, уламжлал, хөгжлийн талаар хийсэн 20 жилийн нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн агаад энэ бүтээлээрээ Монгол Улсын гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Их Хурлын шагнал”-ын анхны эзэн болсон юм.

Өнөөдөр уншигч түмэндээ өргөн барьж буй “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” ном нь түүний 38 дахь бүтээл аж. Шинэ ном нь хууль санаачлах, хэлэлцэж батлах, баталгаажуулах, хэвлэн нийтлэх үеийн техник, хууль тогтоомжийг системчлэх, тайлбарлах, эрх зүйг рецепцлэх болон хууль хэрэглэх техникийн асуудлыг багтаасан нийт 7 бүлэг, 17 зүйл бүхий 330 хуудастай юм.

УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан шинэ номынхоо нээлт дээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад хууль бүтээх, хууль тогтоож хэрэгжүүлэхэд гарч байгаа зөрчил, давхардал, хийдлийг арилгаж, хууль боловсруулах, тогтоох, хэрэглэх үйл ажиллагаанд оролцож байгаа хуульчид, эрх зүйчид, төрийн албан хаагчдад хууль бүтээх, хэрэглэх техникийн онол, арга зүйн үндсийг сурч эзэмшихэд тус нэмэр болгох үүднээс энэ номыг бичсэнээ дурдав.

Мөн тэрбээр хуулийг тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэстэй, ард иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөв зохицуулалттай бүтээх явдал чухал байна. УИХ-аас батлан гаргадаг хууль тогтоомжоос эхлээд эрх зүйн бүхий л баримт акт нь бүгд уялдаа холбоотой байж хууль дээдлэгдэж, хуулийн засаглал бий болж, хууль бодитоор хэрэгжих ёстой. Тэгж байж улс орон хөгжинө. Хууль бүтээх үйл явц нь эрэлт хэрэгцээг судалж, үзэл баримтлалаа зөв тогтоохоос эхлэх учиртай юм гээд энэ чиглэлээр УИХ-аас Хууль тогтоомжийн тухай хуулийг баталж, ирэх оны эхнээс мөрдөж эхлэх гэж байгаа нь чухал алхам болсныг онцоллоо.

Дараа нь уг номыг бүтээхэд хамтран оролцсон ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн төслийн удирдагч Л.Заяа, докторын шавь, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нар үг хэлж баяр хүргэлээ.

Мөн шинэ номын нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар баяр хүргэн үг хэлж, уран бүтээл, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэв.

УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн энэхүү шинэ бүтээл нь Монгол Улсад хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хууль тогтоомж тогтвортой, хийдэл, зөрчилгүй байхад гол гарын авлага, арга зүйн үндэслэл болж байгаагаараа практик ач холбогдолтой болсныг шинэ бүтээлийн нээлтэд оролцож үг хэлсэн эрдэмтэн судлаач, төрийн түшээд, хууль боловсруулагчид өндөр үнэлж байлаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш