logo
Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно

Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно

2016/11/11

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд тохиодог бөгөөд энэ жил тус  тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд оюутан залуус дуу хоолойгоо нэгтгэн үе тэнгийн нөхдөө зөв чиг хандлагад уриалахаар болжээ.

Манай улсад сурч буй гадаад оюутан болон гадаад улсад суралцаж байгаа монгол оюутнууд энэ өдөр нэгэн дээвэр дор цугларан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх болон тулгамдсан асуудлаа хэлэлцэж өөрсдийн санал санаачлагаа төр, олон улсын түвшинд хүргэх зорилго өвөртлөн Төрийн ордонд “Хөгжилд оюутан миний оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг Засгийн газар, БСШУС-ын яамтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Энэхүү чуулганд 1000 оюутан залуус нэг дор чуулах аж. Уулзалтаар эрүүл, ухаалаг, мэдлэгтэй, хариуцлагатай чадвартай оюутан бий болгох нийгэмд оюутнуудыг зөв зүйлд уриалан дуудах зорилготой юм байна. Мөн чуулга, уулзалтыг дэмжиж хамтран ажилласан сургууль болон багш хамт олныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Оюутанд ээлтэй сургууль, багшаар алдаршуулна гэдгийг хэллээ. Чуулганд оролцох 1000 оюутны хүсэлтийг тухайн сургуулиас ирүүлсэн мэдээлэлд нь үндэслэн оролцуулж, тэдгээр оюутнуудын дунд хэлэлцүүлэг явуулж, харъяа клубын гишүүнээр албан ёсоор татан оролцуулан оюутнуудад чиглэсэн ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Би чадвартай оюутан” “Эрүүл оюутан” төсөл хөтөлбөрт хамруулж, олон улсын хэмжээнд гадаадад суралцах боломж, мэдээллээр байнга ханган, хамтран ажиллана гэдгийг хэлсэн юм.

Мөн оюутнуудын дунд өвчлөл их байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа хүрэлцэн ирж оюутан залууст зөвлөмж хүргэн, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар илтгэл тавих аж.

Харин гадаад улсад суралцахыг хүссэн залуустаа зориулан Харвард Их Сургуульд бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан н.Эрдэнэболд өөрийн сурсан мэдсэн гээд бүхий л талын мэдээлэл өгөх тун хэрэгтэй илтгэл тавихаар болсон байна.

Чуулга уулзалтанд  мөн МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж оюутан залуустай санал бодлоо хуваалцана.

Харин чуулга уулзалтыг “Шууд” дамжуулалт хийж өгөхийг Үндэсний телевизийн 2-р сувагт хүсэлт тавьсан хэдий ч хариу ирээгүй байгааг зохион байгуулагчид хэлсэн юм. Манай улсын хүн амын дийлэнх хувийг оюутан залуус эзлэж, нийгэмд сөрөг мэдээ мэдээлэл ихээр тархаж байгаа үүнтэй холбоотойгоор дээрхи чуулга уулзалтыг зохион байгуулж байгаагаа хэлээд оюутан залуусыг зөв чиглэлд хөтлөн дагуулах үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллаж, сурталчлан таниулах ажлыг дэмжин ажиллахыг хүсч байгаагаа “Отгонбаяр сангийн гүйцэтгэх захирал М. Мөнхсүрэн хэллээ.

М.Буянжаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш