logo
Нэг литр шатахуун 890 төгрөг болох боломжтой гэнэ

Нэг литр шатахуун 890 төгрөг болох боломжтой гэнэ

2011/10/28
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үүний дараа "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай дараах долоон компани хайгуулын 10 талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дорнод, Дорноговь аймгийн Тамсаг, Зүүнбаянд газрын тосны хэтийн төлөв бүхий үндсэн нөөц тогтоогдож, боловсруулах үйлдвэрийн салбар хөгжих эхлэл тавигдаж байгаа юм. Монгол улсад газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлсэн ба 2008 оны 12-р сарын 31-ний байдлаар нийт 3,1 сая баррель тос олборлож, экспортлоод байгаа бөгөөд туршилтын олборлолт хийсэн дээрх компаниуд олборлосон түүхий тосоо Зүүнбаян, Цагаан Элсний ордоос төмөр замаар, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Тосон Уулын ордоос түүхий тос тээвэрлэх тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэн БНХАУ-д экспортлодог байна. Иймд дотоодын хэрэгцээг хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс нэр бүхий гишүүд дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Эдгээр жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардардах хөрөнгө болон эрсдлийг 100 хувь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хариуцах учир манай улсын эдийн засагт болон төсөвт ямарч дарамт үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид тайлбарласан юм. УИХ-ын гишүүд Монголд үнэхээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий эсэх, түүхий эдээ хаанаас авах, үр ашигтай ажиллаж чадах уу, үйлдвэрлэсэн шатахуун гаднаас авдгаас хямд байж чадах уу гэх мэт асуудлыг сонирхож байлаа.
Хууль санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарын тайлбарласнаар,  үйлдвэр байгуулах бололцоо манайд бий гэнэ. Нийтдээ 17 компани газрын тосны жижиг үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ээ боловсруулаад зөвшөөрөл авахаар ЭБЭХ-ний яаманд хандаад байгаа ажээ. Тийм ч учраас гаднаас хараат байдаг дээрх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор асуудлыг УИХ-д тавиад байгаа гэлээ. Манай орны хувьд нийт 200 сая тонн газрын тосны нөөцтэй гэдэг нь тогтоогдсон хэдий ч олборлож боловсруулах бололцоотой нь 20 сая тонн юм байна. Тиймээс эхний ээлжинд зүүн бүсийн хэрэгцээг хангах, жилд 200 мянган тонн газрын тос боловсруулах чадалтай жижиг үйлдвэр барих бодлогыг баримталж байгаа гэж Д.Зоригт сайд хэлсэн. Нэгэнт манай улсын газар нутагт илрээд байгаа газрын тосны нөөцийг ашиглах учир энэ тал дээр төр өөрөө оролцох хэрэгтэй гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Ингээд Дорнодын Чойбалсанд Засгийн газрын оролцоотой үйлдвэр байгуулаар шийдээд байгаа аж. Материалаа ирүүлээд байгаа 10 гаруй компанийн ТЭЗҮ-ээс харахад үйлдвэр нь 1.5-4 жилийн хугацаанд баригдахаар байгаа юм байна. Үнийн хувьд Роснефьт-ээс авч буй шатахууны хэрэглэгчдэд хүрч буй жижиглэнгийн үнэ 1500-1560 төгрөгийн үнэтэй байгаа бол жижиг үйлдвэр байгуулах гэж буй “Хэт” компанийн нэг литр шатахууны үнэ 1030 төгрөг, “Сүмбэр ойл” компанийнх 890 төгрөг байх тооцоо гарчээ. Ер нь нийт компаниудын үйлдвэрлэх шатахууны үнэ ОХУ-аас авч байгаагаас 500-600 төгрөгөөс хямд байх гэнэ. Гишүүд ийнхүү хэлэлцээд бодлогын шинжтэй тогтоол болгон хэлэлцье хэмээн санал нэгдлээ.
Үүний дараа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулгыг хийсэн юм. Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орсноос хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт орсон цагаас шинэ төрлийн  гэмт хэргийн гаралт нэмэгдсэний нэг нь хүний наймаа буюу хүн худалдаалах явдал юм. Монголын нийгэм дэх ажилгүйдэл, ядуурлын түр зуурын бэрхшээл, иргэдийн зүгээс дотоод, гадаадад зорчих боломж бололцоо нэмэгдсэн, зарим иргэдийн амар хялбар аргаар хөрөнгө мөнгөтэй болох гэсэн сэтгэлгээ нь энэ төрлийн гэмт хэрэг гарах хөрс суурь болж байгаагаас сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай болжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх боломж хязгаарлагдмал учир нийгмийн болон эрх зүйн орчныг бий болгох шаардлага бий болсон байна.  Уг хуулийн төсөлд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, тэдэнд нийгмийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх, гэрч болон уг гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, урамшуулах талаар нарийвчлан тусгажээ. Тухайлбал, цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллага, хамгаалах байр нь хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх зорилгоор хамгаалах байранд хамгаалалт, үйлчилгээнд хамруулах, хохирогч, түүний эцэг, эхийн нэр, оршин суугаа газрын хаяг, хувийн байдалтай холбоотой мэдээллийг нууцлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогчийн нүүр царай, дуу хоолойг бусдад танигдахуйц байдлаар түгээхийг хориглохоор заах байдлаар нарийвчлан заажээ. Хууль зүйн байнгын хороо уг төслүүдийг хэлэлцээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж. Сүүлийн зургаан жилийн судалгаагаар хүн худалдаалах 200-аад гэмт хэрэг бүртгэгдсэн юм байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш