logo
Гранпри шагналын эзнээр “Видал салон” тодорлоо

Гранпри шагналын эзнээр “Видал салон” тодорлоо

2016/11/17
Сүхбаатар дүүргийн үсчин гоо засалчдын ур чадварын тэмцээн энэ сарын 15-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд дүүргийн үсчин, гоо засалч, хумс засалчид болон мэргэжлийн сургууль, сургалтын багш, суралцагсад найман төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Ингээд тэмцээний эмэгтэй загварын тайралтаар Видал салоны М.Баясгалан тэргүүн байр, эрэгтэй зураглалтай тайралтын төрлөөр хувиараа оролцогч У.Оюунбат тэргүүлсэн байна.

Мөн эмэгтэй кератив засалтын төрлөөр Видал салоны Б.Уртнасан, эрэгтэй кератив засалтаар хувиараа оролцогч Н.Болор-Эрдэнэ нар тэргүүн байрт шалгарчээ.

Энэ удаагийн тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, оролцогчдын ур чадвар, мэдрэмжийг шалгасан төрөл бол тайзны нүүр будалт, гелин хумсан дахь уран зураглалын тэмцээн юм. Тэгвэл тайзны нүүр будалтын төрөлд Онно салоны М.Болорчимэг шүүгчдээс хамгийн өндөр оноог авч тэргүүн байрт шалгарсан бол Видал салоны З.Сүндалай, Лакме салоны А.Цэенбүтэд нар удаах байрт оржээ.

Ингээд нийт найман төрөлд оролцсон үсчин, гоо засалч, хумс засалчдын нэгдсэн дүн, Гранпри шагналын эзнээр Видал салон тодорсон юм. Ийнхүү дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс төрөл тус бүртээ эхний байрт шалгарсан оролцогчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 
Б.Орхон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш