logo
Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүллээ

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүллээ

2016/11/18

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг.

Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байна.

Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд уг өдрийг тэмдэглэн явуулах ажлын хүрээнд иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, таниулах зорилгоор зам тээврийн осолд өртсөн автомашинууд болон түргэн тусламж, буяны автомашин, онцгой байдлын автомашинууд оролцсон цувааг хотын төв замаар цуваа явууллаа.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна. Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш