logo
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 13 жилийн дараа нутагт нь авчрав

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 13 жилийн дараа нутагт нь авчрав

2016/11/22

БНХАУ-аас авлигын хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж байсан этгээдийг АНУ-аас эх оронд нь өнгөрсөн лхагва гарагт буцаан авчраад байна. Энэхүү ажиллагаа нь оргодол албан тушаалтнуудыг хилийн чанадаас авчрах оролдлого хийж буй тус улсын хуулийн байгууллагынхны томоохон ялалт болоод байгаа аж.

Зүүн Хятадын Жэжян мужийн Вэньжоу хотын барилгын товчооны дэд дарга асан, хатагтай Ян Шюзу гэгчийг хилийн чанад нуугдан 13 жилийг өнгөрөөсний дараа Хятадын хууль хяналтын байгууллагууд буцаан авчраад байгаа нь энэ юм. Өнгөрөгч оны 4 дүгээр сард БНХАУ авлигын хэрэгт хамгийн ихээр сэжиглэгдэж буй 100 хүний нэрсийг гарган Интерполын “улаан булан”-д байршуулсан юм. Уг жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь АНУ, Канад, Австралид амьдарч байсан байна.

Ян Шюзу нь дээрх жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар Хятадад авчраад байгаа 37 дахь оргодол аж.  Янгийн ах Ян Жинжунг мөн авлигын хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сард Хятадад буцаан авчирсан нь АНУ-аас сэжигтнийг буцаан авсан Бээжингийн хамгийн эхний хүн байсан билээ. Янг буцаан авчирсан нь Хятад-АНУ-ын авлигатай тэмцэх хамтын ажиллагааны чухал үр дүн байсан гэдгийг Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ үеэр онцолсон байна.

Янг гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаас үзэн мөрдөн шалгаж эхлэх үед буюу 2003 оны 4 сард тэрээр Хятадаас гарсан байдаг. Улмаар Хатагтай Ян Франц, Нидерланд дараа нь АНУ-аас улс төрийн орогнол хүсээд байсан юм.

Гэвч түүнийг “орогнол хүссэн өргөдлөөс татгалзах санаачилга гарган, бууж өгч, Хятадад буцан ирэх шийдвэр гаргасан” хэмээн Сахилгын хяналтын төв хорооноос мөн мэдэгдсэн байна. Тус улсын төрийн телевизүүдээр Янг “American Airlines” компанийн онгоцноос бууж, хоёр цагдаагийн хамт хилийн хяналтыг нэвтэрч байгааг дамжуулсан юм. Үүнээс гадна авлигын хэрэгт сэжиглэгдэж буй бусад этгээдүүдийг бууж өгөхийг ятган “Бид бол бүгд Хятадууд, бидний эх орон бол Хятад. Буцаад ирцгээ” хэмээн Янгийн хэлснийг телевизүүд дамжуулсан байна.

Хятадын дарга Си Зиньпиний авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд тус улс хилийн чанадад хөрөнгөө авч гарсан авлигач албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг эх оронд нь эгүүлэн авчрах “Үнэгний ав” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Вэньжоу хотын барилгын товчооны дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа 39 сая ам. долларыг завшсан хэрэгт буруутгагдаж буй Ян өнгөрөгч онд Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, дээрх жагсаалтыг гэмт хэрэгтний нэрсийн жагсаалтаас илүүтэйгээр одоогийн эрх баригчдын өрсөлдөгчдөдөө зориулсан улс төрийн үйл ажиллагаа хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: reuters.com

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш