logo
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

2016/11/22
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд  буюу өчигдөр НИТХ-д өргөн барьсан юм.

Ирэх оны төсөвт иргэдийн саналыг тусгах  зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулсан.  Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн  дийлэнх нь  эдийн засаг  хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч гэлээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  асуудалд  Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, төсөвтөө суулгах шаардлага байгааг  хэлж байсан юм.

Иргэдийнхээ санал  хүсэлтэнд тулгуурлан  хотын дарга  ирэх онд  эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирсэн байна. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд  3 ээлжээр хичээллэж байгаа  ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх,  мөн  цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг  эхлүүлэх  ажлыг төсөвт  тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа  3 дүүргийн  эрүүл мэндийн нэгдэлд  мэс заслын тасаг байгуулж, иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэг  зорилгүйгээр  яаралтай тусламжийг  дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг  бүрдүүлэх ажлыг  ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөвтөө тусгасан байна.

Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг  үргэлжлүүлэн,  Хайлаастын замын ажлыг эхлүүлэх, зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг  үе шаттай хийж,  иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш