Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон Алмалик овогтой Тлейхан өчигдөр тамгаа хүлээн авч, ажилдаа орсон байна. Тэрээр 1976 онд Монгол Улсын Их Сургуулийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженерээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.
А.Тлейхан нь 1976-1977 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар ажлын гараагаа эхэлж, эрчим хүчний салбарт 32 жил зүтгэсэн нэгэн юм. Тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, өрсөлдөөнт зах зээлийн орчинг бий болгох, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг шинээр батлахад биечлэн оролцсон байна.