"Болор цом" наадам ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болохыг Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай мэдэгдлээ. Ийнхүү “Болор цом” наадам 2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш зургаа дахь аймагтаа зохиогдох гэж буй нь энэ.
Өмнө нь Эрдэнэт, Дархан хотууд болон Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад “Болор цом” наадам тайзаа засч байсан билээ. Ирэх 2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй. Тиймээс “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.