Сүхбаатар дүүргийн Намын хорооны зарим удирдлагууд хүн зодсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны нягтлан Б.Уранбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ “зодсон” гэх мэдээлэл байна. Тухайн үйл явцын үед таныг тэнд байсан хүний нэг гэж байна?
-Тэр өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны 62 дугаар үүрийн бүх гишүүдийн хурал болж байсан. Энэ хурал сардаа нэг удаа болдог. Тухайн өдрийн ээлжит хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой байв. Гэтэл үүрийн гишүүн бус хүмүүс гаднаас дайрч орохыг завдсан. Энэ хуралд зөвхөн тухайн үүрийн гишүүд оролцож дотоод асуудлаа хэлэлцдэг юм. Дүүргийн намын хорооны ажилтан, албан хаагчид бид ч зөвшөөрөлгүй орох эрхгүй байдаг. Гэтэл гаднаас тав зургаан эмэгтэй орж ирээд хуралруу орно гэж дайрсан. Тэд манай гишүүд биш, энэ хуралд ямар ч хамааралгүй хүмүүс. Гэтэл “бид орох ёстой” гээд орилоод байхаар нь гишүүнийхээ үнэмлэхийг авчраад ор гэсэн шаардлага тавьсан. Тэд намын үүрийн хурлыг доромжилж, намын хороогоор нэг орилж, хараал хэлж хүн хүнрүү үсчин дайрч, намын ажилчдыг ажил хийх нөхцөлгүй болгосон.
-Яг хэнрүү дайрсан гэж?
-Намын улс төрийн ажилтан Х.Түмэнбаяр, улс төрийн ажилтан К.Олимпиад, бас надруу дайрсан. Эрүүл эмэгтэй хүмүүс бол тийм хэрцгий догшин авир гаргаж, орилж хашгирч хүн хүнрүү үсчихгүй байх. Тэгж орилж, хашгичиж байх үед нь цаад өрөөнөөс манай ажилтан К.Олимпиад цай уугаад гараад ирсэн. Тэгсэн хоёр эмэгтэй тал талаас нь зулгаагаад бариад авсан. Тэдний нэг нь энэ Цамбагарав юм байна лээ. Би энэ хүнийг өмнө нь харж байгаагүй. Тэд К.Олимпиадын хоолойг нь боож, хувцас хунарыг нь урах гээд зулгаагаад байсан болохоор К.Олимпиад гараа тавиулах гэж оролдох үед нь санамсаргүйгээр дух нь шалбарсан юм шиг байна лээ. Ямар ч хүн өөрийгөө хамгаална. Эдгээр эмэгтэйчүүд К.Олимпиадаас салахгүй зууралдаад байхаар нь би очиж салгасан. Ердөө л ийм зүйл болсон.
-Энэ үл ойлголцол гарах үед УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байсан юмуу. Түүнийг хүн зодсон гэж хэвлэлийн хурлын зар явуулсан байсан?
-Энэ хуралд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ирээгүй. Үүрийн ээлжит хурлыг тэргүүлэгчид хийдэг.Тэнд байхгүй байсан хүний нэр энд яваад байгааг ойлгохгүй байгаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг хүн зодсон, тэр тусмаа эмэгтэй хүн зодсон гэсэн ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаа гэж ойлгосон. Тиймээс бид өнөөдөр шүүхийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандаад байгаа. Хууль хяналтын байгууллага худал мэдээлэл тараасан, хүн гүтгэсэн хүнд арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн зарим хүн Д.Цогтбаатар гишүүнийг хүн зодсон мэтээр зар тавьж худал мэдээлэл сэтгүүлчдэд хийсэн нь хууль зөрчсөн явдал болсон. Тиймээс бид эдгээр мэдээлэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байна.
Т.ОЮУН