logo
НЗДТГ “Азийн сан”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

НЗДТГ “Азийн сан”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

2016/12/20
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Азийн сан”-гийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Азийн сан нь 1990 оноос Монгол Улсад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, сайн засаглалыг дэмжих, шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн албаны үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй болгох, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ.

Энэ хүрээнд НЗДТГ-тай хамтран хотын үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2011 онд Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаа, мэдээллийг иргэдэд нээлттэй болгоход хамтран ажилласан бол 2014 онд НЗДТГ-тай авлигаас сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллажээ. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран ажилласан байна.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “НЗДТГ “Азийн сан”-тай сүүлийн 6 жил хамтран ажиллаж байна. Өнөөдрийн зурсан санамж бичгийн дагуу нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ-ын шийдвэрүүд  цахим хуудсаар ил тод болж байна. Газартай холбоотой шийдвэрүүд ч ил тод, иргэдэд нээлттэй болно гэсэн үг. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ил тод болгох, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд “Азийн сан”-тай хамтарч ажиллахаар болж байна” гэлээ.

Ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх олон нийтийн болон дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш