Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас /лист/ олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат сайд нарт даалгалаа.
Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын цочмог халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байна. Өнгөрсөн оны мөн үед нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 18.5 хувиар хэтэрч байсан бөгөөд одоо 585 ор нэмэлтээр гаргасан ч ачаалал 10 хувиар илүү байгаа үзүүлэлт гарчээ.
Бага насны хүүхдэд нэн шаардлагатай антибиотикийн үйлчилгээ сул, эмчилгээний үр дүн хангалтгүй, эмнэлэгт 1-2 хоног эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт эмчилгээний төлбөрийг олгодоггүй, таваас дээш хоног хэвтсэн тохиолдолд л төлбөр хийгддэг байна.
Иймээс тав хүртэлх насны хүүхдийн зонхилон тохиолдох өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардал болох тэрбум гаруй төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахыг судлан шийдвэрлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн хэсэгчилсэн карантин тогтоох, сурагчдын улирлын амралтыг зохицуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 4 хүртэлх насны, үүнээс 35 хувь нь 1 хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчтэй хүүхдийн 56 хувь нь уушигны хатгалгаа, 22 хувь нь цочмог бронхитоор хүндэрч байгаа нь эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаан. Гэхдээ сүүлийн хоёр сард ханиадны хүндрэл, уушигны хатгалгааны өвчний улмаас хүүхэд нас бараагүй тухай Эрүүл мэндийн яам танилцуулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.