logo
Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг баталгаажууллаа

Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг баталгаажууллаа

2016/12/26

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294-р тогтоолын дагуу   жилд 5 сая кВт.ц.-аас дээш эрчим хүч хэрэглэдэг уул уурхайн байгууллага, 2 сая кВт.ц.-аас дээш хэрэглээтэй аж ахуй нэгжийг цахилгааны  үүрэг хүлээсэн хэрэглэгчээр,  5000 Гкал/жил-ээс дээш дулаан хэрэглэдэг байгууллагыг дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр  тогтоох  босго хэмжээг баталсан.

Энэхүү  журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч хэрэглэгчдийн үйл ажиллагаа, хэрэглээний түвшинг нягтлан, үнэлгээ хийж, 113  аж ахуйн нэгжийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр  тогтоожээ.  Дээрх 113  аж ахуйн нэгжийн 71 нь цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгч, 29 нь дулааны  үүрэг хүлээсэн хэрэглэгч  юм.  Цахилгаан эрчим хүч хэмнэх  үүрэг хүлээсэн 71 аж ахуйн  нэгж нь  Монгол улсын нийт цахилгаан эрчим хүчний 46.1 хувь буюу 2.61 тэрбум кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дулааны үүрэг хүлээж ажиллах 29 аж ахуйн нэгж  263мян.Гкал/жил дулаан хэрэглэж, эрчим хүчний төлбөрт ойролцоогоор  411.1 тэрбум төгрөг  төлдөг юм байна.  Үүний зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж,  түгээж байгаа 28 компани эрчим хүч хэмнэж ажиллах үүргийг хуулийн дагуу хүлээж байна. Эрчим хүчний салбарт дотоод хэрэгцээний цахилгаан зарцуулалт өндөр,  дамжуулалт түгээлтийн явцад  эрчим хүчний  алдагдал 759.7cая.кВт.ц-т хүрсэн гэдэг тооцоо гарч, эрчим хүчний салбар эрчим хүч хэмнэлтийн бодлогыг өөрөөсөө эхлүүлэхээр ажилдаа ороод байна.

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд  Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн төлөөлөл, “Улаанбаатар төмөр зам”, “Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевиз”, “Петро Чайна Дачин Тамсаг”, “Эрдэнэт Үйлдвэр”, “Оюу толгой”, “Энержи ресурс”, “Номин холдинг”, “Скайтел”, “Мобиком” зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал солилцон, хууль, эрх зүйн талаар зөвлөмж өглөө.  Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана гэдэг ямар нэг дарамт шахалт биш. Харин та бүхэн өөрөө өөрийнхөө зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашиг олох гарц, байгаль орчинд ээлтэй байх үүргээ биелүүлэх нэг боломж гэж ойлгон, үйл ажиллагаандаа эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Эрчим хүчний үүрэг хүлээж ажиллах 113 аж ауйн нэгж  эрчим хүчний хэрэглээ,  барилгын дулаан алдагдлыг  15 хувиар бууруулахад  жилд 120 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас гаргасан байна гэж Эрчим Хүчний Зохицуулах хорооноос мэдээллээ.



АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш