logo
Ерөнхий сайд “Оны онцлох” сурагчдад батламж олгов

Ерөнхий сайд “Оны онцлох” сурагчдад батламж олгов

2016/12/28

Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  2016 оны  “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан “Улс, эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай  иргэн болж өсөж байгаад талархаж байна. Та бүхнийг харахад Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэж ухамсарлаж,  эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.

Шалгаруулалтыг нийт 20 аймаг, 9 дүүрэгт 9 номинац дор зохион байгуулсан бөгөөд 115 хүүхдийн материал ирснээс үе тэнгийнхнийгээ манлайлсан шилдэг 20 сурагчийг шалгаруулсан байна.

2016 оны “Оны онцлох” сурагчид:.  

Нэг. “СУРЛАГЫН АМЖИЛТ” номинаци

Баттөмөрийн Хулан: 17 настай. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч. Олон улсын математикийн “KАNGAROO” олимпиадаас алтан медаль 1, мөнгөн медаль 2 удаа, 1-р зэргийн диплом 3 удаа, 2-р зэргийн диплом 1 удаа, 3-р зэргийн диплом 1 удаа тус тус хүртсэн. 2016 онд олон улсын математикийн “KАNGAROO” олимпиадын 2-р зэргийн өргөмжлөлийн эзэн.

Батбаатарын Төрхүү: 17 настай.  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12д ангийн сурагч. 2006 оноос хойш  олон улс, улсын чанартай математик, физикийн олимпиадаас нийт 64 алт, 67 мөнгө, 34 хүрэл медаль хүртсэн. 2016 оны Улсын математикийн олимпиадын аварга, 2016 оны 1 дүгээр сард Казакстан Улсад болсон Жаутыковын нэрэмжит олон улсын математикийн олимпиадын мөнгөн медаль, олон улсын Хот хоорондын 36-р олимпиадын намрын давааны тэргүүн байрын эзэн.

Хоёр.“УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ” номинаци

Баяржаргалын Өнөржаргал: 17 настай. Хөгжим бүжгийн коллежийн сурагч. Таван настайгаасаа дуулж,  долоон настайгаасаа  ая зохиож, найман настайгаасаа нотолж сурсан. “Найзаа, намайг хараарай”, “Дуугаар мэндчилье” ,“Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд” , “Уртын дуундаа бид хайртай”  зэрэг цомог хэвлүүлж  2 удаа уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийсэн. “Шүдээ угаацгаая” дуу нь ЕБС-ийн 1-р ангийн сурах бичигт, “Мэлхий” дуу нь ЕБС-ийн 2-р ангийн сурах бичигт орсон  шилдэг хүүхдийн төлөөлөл юм.

Энхбатын Төгөлдөр: 17 настай. “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч. “Өнөр бүл” төвийн дэргэдэх “Контаанс”, “Манан” хамтлагийн гишүүн.  2015, 2016 оны “Яргуй” урлагийн наадамд “Манан” хамтлагаараа язгуур урлагийн төрөлд дэд, гуравдугаар байр, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарсан. 

Гурав. “БИЕИЙН ТАМИР СПОРТ, БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ” номинаци

Энхболдын Хүслэн: Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5Г ангийн сурагч. Ази тивийн даамны 3 удаагийн аварга. 2016 онд Турк Улсын Измир хотод болсон “Өсвөрийн дэлхийн аварга” шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний турк даамын төрөлд мөнгө, “Блиц” төрөлд алтан медаль хүртэж “Өсвөрийн дэлхийн аварга” цолыг хүртсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний турк даамын төрлийн алт, 64 буудалт даамын блиц төрлийн алт, 100 буудалт даамын блиц төрлийн алт, 100 буудалт даамын рапид төрлийн алтан медалийн эзэн.

Төмөрбаатарын Номиндалай: 14 настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч. 2016 онд ОХУ-ын Ханты Мансийск хотод болсон “Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд амжилттай оролцсон. ОХУ-ынУлаан-Үд хотод болсон “Белый месец” насанд хүрэгчдийн шатрын тэмцээний 3-р байр, Иран Улсын Тегеран хотод болсон “Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий  үндсэн тоглолтын төрлийн хүрэл медалийн эзэн.

Эрдэнэсайханы Пүрэвжав: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12е ангийн сурагч. 2016 оны ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний 4 төрөлд алт, 1 төрөлд мөнгө, 2 төрөлд хүрэл медаль авсан.  2016 оны 6 сард АНУ-ын Сан Франциско хотод болсон “Extreme-2016” буюу оюун ухааны дэлхийн хамгийн өндөр чансаатай 24 тамирчны халз тэмцээнд дэлхийн чансааны 1,2,3 дугаар байрны тамирчдыг дараалан ялж 2 дугаар байр эзэлсэн. 2016 онд Сингапур Улсад зохиогдсон 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 төрлөөр алтан медаль хүртэн 1 төрлөөр рекордын эзэн.

Нямдаваагийн Түвшинбаяр: 7 настай. Увс аймгийн Тариалан сумын ахлах сургуулийн 2б ангийн сурагч. 2016 оны Азийн аварга шалгаруулах “Зуун буудалт даам”-ын тэмцээнд үндсэн болон арабит төрлийн алтан медалийн эзэн. Азийн аваргын хос алтан медаль, Дэлхийн даамын холбооны дэд мастер.

Дөрөв.“ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА” номинаци

Эрхэмбаярын Бүрэнчөдөр: 16 настай. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч. МИЛЛ клубтэй хамтран “Баярлалаа” сайн үйлсийн аяныг зохион байгуулж 1,280,000 төгрөгийн хандив цуглуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Жаргалын төв”-д нэн шаардлагатай  тоног төхөөрөмжийг авч өгсөн. “Хүслэн” аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн.

 Бат-Өлзийн Ундармаа: 16 настай. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 12в ангийн сурагч. 2015, 2016 онуудад  “Хариу нэхээгүй тус”, “Сэтгэлийн үндэс”, “Хайрын бэлэг” зэрэг сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж 3.200.000  төгрөгийн хандив цуглуулж зорилтот өрхүүд болон өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад тусалсан. “Оролцоог дээдэлсэн он жилүүд”, “Эргэн дурсахуй”, “Оролцоогоор манлайлъя” сэдэвт хүүхдийн чуулганыг санаачлан зохион байгуулж 350 хүүхэд, насанд хүрэгчийн 35 асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэсэн. Хэнтий аймгийн “Хүслэн” хүүхдийн оролцооны байгууллагын тэргүүн.

Тав. “БҮТЭЭЛЧ, АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА” номинаци

Хүрэлзүрх Мөнхшагай: 12 настай. Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч. Мөнхшагай нь алаг мэлхий, шагай шүүрэх, морь уралдуулах, шагай няслах, ингэ ботго нийлүүлэх зэрэг тоглоомуудыг үе тэнгийнхэндээ заан сургаж, ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сурагч юм. 2016 онд БСШУЯ-аас гаргасан “Хүүхэд нэг бүрийн хөгжил” амжилтын номд бишгүүр хөгжмийн амжилтаа хэвлүүлсэн.

Дашнямын Мөнгөнзул: 17 настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч. Монголын хүүхдийн ордны дэргэдэх “Үнсгэлжин” клубээс зохион байгуулсан “Үнсгэлжин-2017” улсын уралдааны авангард, гоёлын хувцасны загварын төрлийн тусгай байрын эзэн. Хайчилбар, уран зураг, эсгий урлалын 130 гаруй бүтээл урласан бөгөөд сургуулийнхаа макетийг хийж,  бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

Зургаа. “ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС” номинаци

Сайнсүхийн Амарзаяа: 17 настай. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч. Иргэн Т.Алтангэрэлийн хувийн орон сууцанд гал гарч байсныг анх харж тусламж дуудсаны ачаар 4 хүний амь нас, айлын эд хөрөнгийг аварсан.

Дарханбаатарын Бямбадорж: 12 настай. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч. 2016 оны 03-р сарын 27-нд  гудамжиндаа хөл бөмбөг тоглож байтал нь 9-10 тоот хашаанд гал гарч байгааг  харан очиж хашааг нь давж гэрийн хаалгыг таттал их утаан дотор хөгжлийн бэрхшээлтэй том хүн байв. Түүнийг гарахгүй гэж зөрүүдлэхэд нь тавиур дээр байсан хайчийг аван гэр дээр гарч шатаж буй хэсгийг хайчлан авч унтраан хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварсан.

Долоо. “ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНИЙГ СЭДЭХ, САНАЛ САНААЧИЛГА” номинаци

Мөнх-Очирын Мичидмаа: 10 настай. 21 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч. Өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 26-р  Хорооныхоо “Хөгжилтэй номын сан”-д “Хүүхдийн англи хэлний ярианы клуб”, “Ном уншигч хүүхдүүдийн клуб”-ыг санаачлан байгуулж 200 гаруй хүүхдийг хамруулж байгаа. Би “Мөрөөдөлтэй хүүхэд” номоо хэвлэн гаргасан.

Занабазарын Чингис: 15 настай. Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн  сурагч. Нисэх загварын спортын Монгол Улсын аварга шалгаруулах F2B тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын мөнгө, Нисэх загварын спортын Монгол Улсын аварга шалгаруулах F2B тэмцээний хүүхэд насны ангиллын алт, Улаан-Үд хотод болсон F4B олон улсын тэмцээний алт,  2016 оны Дэлхийн цомын 5-р байрын шагналт.

Найм. “БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” номинаци

Бат-Өлзийн Батлхагва: Ховд аймгийн Манхан сумын ахлах сургуулийн 11б ангийн сурагч. Аймагтаа “Хавх булаагүй ууланд амьтан жаргалтай” аяныг зохион байгуулж 50 хавх цуглуулсан. 2016 оны 11 сард ирвэс хүзүүвчлэх ажил зохион байгуулж Дэлхийн байгаль хамгаалах сан, гаднын донор байгууллагуудаас ОХУ-д очиж туршлага солилцох урилга авсан.

Жүгдэрнамжилын Хулан: 16 настай. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч. “Ногоон сургууль” эко клубийн ахлагч. Дэлгэрмөрөн, Буянт голын бохирдлын зэрэг, шалтгааныг тогтоох туршилт сургалтыг зохион байгуулсан. Сургуулийн эко клубийн 75 сурагчийг удирдаж, жимсний мод бут, хүнсний ногоо тарих, ургуулах аргачлалд суралцуулан аймгийн “Миний цэцэрлэг” хүрээлэнд 450 гаруй гоёлын болон жимсний мод тарьсан.

Ес. “ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ” номинаци

Мөнхдалайн Цэрэндэжид: 17 настай. Мөрөн сумын “Ирээдүй 21-р зуун” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч. “Эх хэл бичиг”-ийн улсын олимпиадын тусгай байрын эзэн. “Үндэсний хэл бичиг”  дугуйлангийн удирдагч, “Ирээдүйн хөтөч” сонины эрхлэгч. “Ирээдүйн хөтөч” сониныг улирал бүр 200 ширхгийг хэвлэн гаргадаг. Дугаар бүрдээ монголжсон 80 гадаад үгийн тайлбарыг гаргаж сониндоо хэвлэдэг байна.

 

Батцогоогийн Оюундарь: 16 настай. Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч. 2016 онд "Сэтгэлийн тус", "Монгол хүү-малчны хотонд" зэрэг сайн үйлсийн аяныг зохион байгуулж 15 сумын 4373 иргэнийг хамруулан  50 төрлийн  27577 эд зүйлийг  267 зорилтот бүлгийн өрхийн хүүхэд, эцэг эхэд хүлээлгэн өгсөн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш