logo
Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн  барилдаан болжээ

Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн барилдаан болжээ

2011/10/29
Монгол бахархал, монгол бөхийн дэвжээ аль хэдийн тусгаар тогтнолоо тунхагласан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Олон жилийн түүх дурдатгал, өв уламжлал, үе дамжсан арга мэх гээд монгол эр хүний сүр хүч бяр чадлыг нэгэнтээ дэлхий дахинаа цуурайтуулан байгаа бахдам сайхан орон гэвэл Монгол Улсаа нэрлэюү. Нэгэн афоризмаар үргэлжлүүлье. “Амжилт” гэж Зорьсондоо хүрсэн зүрхний лугшилт гэж хэмээсэн ажээ. Тиймээ Монголоо таниулж зүрхээ догдлуулсан хүчтэнгүүдийн нэгэн үе бол 1960-аад оны эхээр бие даан хөгжлийн анхны гараагаа эхэлсэн Чөлөөт Бөхийнхөн юм.   Нийтлэлийнхээ гол объект болгож монголын чөлөөт бөхийн анхны алхам болоод орчин үеийн ололт амжилт алдаа оноо нь аль аавийн хүү ээжийн охины биеийн болоод оюун бодлын цаана нуугдаж байгаа нь өнөөдрийн сэдэв болох болно. 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Чөлөөт бөхийн хөгжил дэвшил дуурсагдах  гарцыг нь нээж өгсөн нь тодорхой. Түүх сөхвөл: Манай чөлөөтийнхөн  1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээнд анх удаа оролцож багийн дасгалжуулагчаар О.Цэрэндагва, тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож, дэлхийн аваргын анхны салхийг хагалсан. Тухайлбал уншихад уншууртай, сонсоход сонсголонтой, дурдахад дурсамжтай маш сайхан амжилтыг ар араасаа дагуулсан чөлөөтийн алтан үеийнхэн бий гэдгийг онцолмоор. 1967 онд Энэтхэг улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат анхны хүрэл медалийг эх орондоо авчирч, 1971 онд болсон тэмцээнээс Б.Жамсран Х.Баянмөнх нар анхны мөнгөн медалийг хүртэж,  1974, 1975  онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов аваргын алтан медальтай эх орондоо ирж байсан гэдэг. “Аа” гэж Бяр нь бялхаж, салхи нь сүмбэрлэсэн тэнгэрлэг хийморь, “Ааг” гэж Ир бяр нь амтагдсан эрчим гэсэн афоризмууд мөн бий. Үнэхээр л тэнгэрлэг хийморьтой ир бяраараа гайхуулсан чөлөөт бөхийнхны аз хийморь дээшээ бадарч байсан үе байсан уу байсан. Онцолбол 1968 оны Мексикийн зуны 19-р олимпийн наадамд оролцсон чөлөөтийнхнөөс  Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртэж, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медалийн эзэн болсноор Монголын чөлөөт бөхийн тамирчид Монгол Улсын олимпийн медалтнуудын анхдагч болж, Монголын тамирчдын оролцсон хоёр дахь олимпийн наадмаас зөвхөн чөлөөт бөхийн төрөлд дөрвөн медальтай ирж, эх орон, ард түмнээ баярлуулж байсан гэсэн үүх түүх бий. Энэ бол зөвхөн үеийн үед дурсагдах түүхийн эх нь билээ. Монголын Чөлөөт бөхийн “Алтан үе”-ийг 1960-1970-аад он гэж нэрийдэх амжилт арвин тул ийн тоймлосон. Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны амжилтыг Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн бол анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх нар 1971 онд хүртэж, анхны алтан медалийн эзнээр З.Ойдов тодорч, дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй. Ингээд үзэхээр баярлаж бахдахгүй байхын аргагүй. 1970-1980 оны сүүлч хүртэл Монголын чөлөөт бөхийн тамирчид хамгийн өндөр амжилтыг үзүүлж байсан гэдэг. Нийгмийн явцад ямар ч үйл хэргийн тухайд хөгжлийн үе уналтын үе, сэргэн мандалтын үе гэж их бүтээн байгуулалт үйл хэрэг үүх түүхийн үед ч гарч ирдэг билээ. Тэгэхээр хөгжлийн үеийг дээр дурдсан чөлөөтийнхны амжилтаар дүүрэн он жилүүд байсан гэж хэлж болно. Харин сүүлийн үед манай залуу үеийн чөлөөт бөхийн төлөөллүүд урагшаа ахидаггүй ээ. Үзэж дараад дийлдэггүй ээ. Чөлөөтийн залуу үеийнхэнд туршлага арга барил дутвуу, тухайн тамирчдын бие сэтгэлийн чин төвлөрөл, хичээл сургуулилт, уйгагүй хөдөлмөрч зан, сэтгэлийн тэнхээ боловсрох орчин нөхцөл, заах арга барил дутаад байна уу бүү мэд ямартайч алга ташилт дуудсан амжилт төдийлөн сайн гарахаа байжээ. Үүнийг ахмад тамирчид, ард олон чөлөөт бөхийн холбооныхны дунд гол хөндөх сэдэв болоод буй нь нууц биш. Шүүмжлэлд ч их өртөх болж. Магад өртөх ч ёстой. Хүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш гэж үнэн үг бий. Хэн хэнийхээ хатуу боловч үнэн үгийг сонсож гэмээнэ алдаагаа засах боломж бололцоо олдох бус уу. БНХАУ-ын Гуанжу хотод болсон ДАШТ-нд амжилтгүй оролцож ирснээс хойш энэ шүүмжлэл бүр хурцадмал шинжиндээ орж эхэлсэн. Уг нь медалгүй ирсэнд нь биш, ийм нөхцөл байдал үүсэхээс нь өмнө шүүмжлэлээ сайн хэлэлцүүлэх л учиртайсан. Манайхны гэм биш зан юм хойно доо. Энэ байдлыг олон янзаар л тайлбарлаж байх шиг байна. Монгол оронд бүх төрлийн бөхийнхөө хөгжлийг жирийн ардаас төр засгийн тэргүүн хүртэл анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн бөхчүүдэд хамаатай асуудал биш юм. Монголын ард түмний аз хийморь, баяр бахдал, мөрөөдөл бүхэн энд оршдог юм шүү. Амжилт биднээс хол зүйл биш. Гагцхүү Монголын ард түмэн, төр засаг энэ асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хаа хаанаа хариуцлага хүлээж суръя гэж хэлмээр байна. Тамирчин, дасгалжуулагч, холбооны удирдлагууд, харьяалсан байгууллагууд ард түмний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй гэж Х.Мөнхбат хэлсэн байна лээ. Харин 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Стамбул хотноо болж өндөрлөсөн. 104 орны 900 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээнээс манай баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль авлаа. Эдгээр медалийг Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, О.Насанбурмаа нар хүртсэн. Мөн дэлхийн аварга С.Батцэцэг гээд мундаг монголын шинэ эрин болсон тамирчид олон байна. Тэдний энэ амжилт Монголын эмэгтэй багийг ДАШТ-ий гу¬рав¬дугаар байрт оруулсан нь чөлөөт бөхийн сэргэн мандалтын эхэн үе тавигдаж буйн хэрэг мөнөөс мөн. Гэхдээ эрчүүдийн маань оролцоо энэ чухал мандан бадралын үеийг нээх гэж буй энэ чухаг цаг үед хараахан овойн товойн гарч ирээгүй л байна. Чө¬лөөт бөхийн эмэгтэй тамир¬чид харин ч ёстой дэлхий дахинаа нэр алдраа дуурсгаж монголынхоо нэрийн хуудас болж байна. Чөлөөтийн эрчүүд маань ухаанаа уралдуулан дасгал сургуулилтандаа шамдан орж хамтын хүчээр чөлөөт бөхийн сэргэн мандалтыг өргөлцөх нь дамжиггүй. Ард олон нь нүдээ бүлтийлгэн чихээ дэлдийлгэн итгэл хүлээлгэн байгаа учраас манай чөлөөтийн эрчүүд тун удахгүй алтан нар адил гийж л таараа. Хүйсийн ялгаа гаргалгүйгээр их спортын өндөрлөг өөд авиран гарч, эх орныхоо туг юугаан мандуулж зөөлөн үлээх салхины дээд талд нь нүүр бардам зогсоцгоож ард түмэн, ахмад тамирчид багш дасгалжуулагчдынхаа нэр алдрыг гаргаж чихийг нь халууцуулахгүйхэн явахсан эрчүүдээ. 

Б.Болор-Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш