logo
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад ажиллалаа

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад ажиллалаа

2017/01/06

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун нар холбогдох алба хэлтсийн дарга нарын хамт "Салхит” салхин цахилгаан станц, Налайхын дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа.

"Клин-Энержи” ХХК хамгийн хямд тарифтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна

"Клин-Энержи” ХХК –ийн "Салхит” салхин цахилгаан станц нь 31 ширхэг салхин турбин бүхий 50 МВт-ын хүчин чадалтай, жилд 169.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг Монгол улсын хамгийн анхны дамжуулах сүлжээнд холбогдсон том хүчин чадлын сэргээгдэх эх үүсвэр юм.

 

Тус станц нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцаас өндөр өртгөөр эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч жил бүр 180 мянган тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд цацагдахаас сэргийлж, 1.6 сая тонн цэвэр ус, 122 мянган тонн нүүрс хэмнэж байна гэсэн судалгааг гаргажээ. "Салхит” салхин цахилгаан станцын хувьд салхины эрчим хүчний онцлогоос хамааран өдөр, шөнийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг боловч ихэвчлэн шөнийн цагаар нийлүүлэлтийг хязгаарладаг, зарим сард хязгаарлалт 10 хувьд хүрч байгаа нь станцын санхүү эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд тус хязгаарлалтыг 3 хувьд барих санал гаргасан. Цаашид салхин станцтай хавсарч ажиллах 24 МВт-ын нарны цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа бөгөөд нарны станц ашиглалтанд орохоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд зааснаас бага тарифаар үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулах боломжтой хэмээн Клин Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар ярьлаа. 

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалтын тод жишээ бол "Клин-Энержи” ХХК –ийн"Салхит” салхин цахилгаан станц юм. Эрчим хүчний зохицуулах хороо 2017 онд салбарын хэмжээнд бүсчилэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс та бүхэн өөрсдийн сайн туршлагаа бусадтайгаа хуваалцан хамтран ажиллахыг хүсье. Цахилгаан эрчим хүч нийлүүлэх хязгаарлалтын хувь хэмжээг тогтмол барих асуудлаар Диспетчерийн үндэсний төв болон манай холбогдох албаны хүмүүстэй гурвалсан уулзалт хийж шийдвэрлэх хэрэгтэй.Дэлхий нийтээрээ Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа энэ цагт бид ч хуулийн хүрээнд дэмжиж ажиллана” гэсэн юм.

  

Налайхын дулааны станц санхүүгийн хүндрэлд ороод байна

Налайхын дулааны станц нь эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах гэсэн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Налайх дүүргийн 29 төсөвт байгууллага, 256 аж ахуйн нэгж, нийт 2265 айл өрхийг хэрэгцээний халуун ус болон дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Тус станцын хувьд 2016 онд 100 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт хуримтлагдсан өр төлбөр өсч, шаардлагатай засвар шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдээгүй байна.
                           

Налайхын дулааны станцын дулааны эрчим хүч үйлдвэрлэх нэгжийн өртөг нь 36200 төгрөг байдаг. Харин хэрэглэгчдэд дунджаар 23500 төгрөгөөр борлуулж, нэгж тутамдаа 12700 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Мөн Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авч байгаа тул тээврийн зардал нэмэгдэж нүүрсний уурхайд төлөх өр төлбөр өссөн зэрэг хүндрэлтэй асуудлуудаа Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудад уламжиллаа. Налайхын дулааны станцын гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү бидэнд үүсээд байгаа эдгээр асуудлуудаас үүдэн Налайх дүүргийн иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангахад хүндрэл үүсч байна. Тиймээс цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд шинэ эх үүсвэр барих хэрэгтэй байгаа тухай танилцууллаа. 

Уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун "Танай станцын өр төлбөрийн ихэнх хувийг нүүрсний уурхайд төлөх төлбөр эзлэж байна. Албан бус мэдээгээр Налайх дүүрэгт  200 гаруй амнаас  жилд 60 мянган тн нүүрс олборлодог гэсэн мэдээлэл байна. Тиймээс компанийн удирдлагууд Налайхын уурхайгаас нүүрсээ татах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй юм гэлээ.”

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Налайхын уурхайн санхүү эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон энэ үед компанийн удирдлагууд менежментээ сайжруулах хэрэгтэй. Шинэ эх үүсвэр барих бол дараагын асуудал үүнээс өмнө Налайх дүүргийн оршин суугчдыг найдвартай дулааны эрчим хүчээр хангахын тулд техник технологийн шинэчлэл, засварын ажлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та бүхний тооцоолол дээр үндэслэн Хорооны зүгээс нөөц боломжийн хүрээнд дэмжиж ажиллах болно. Бидний эцсийн зорилго бол хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах юм” гэдгийг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш