АНУ-ын артиллерийн систем М109 нь дэлхийд хамгийн их түгээгдсэн өөрөө явагч артиллерийн системийн нэг юм. М109-г 1953-1960 онд М44, М108 өөрөө явагч артиллерийн системүүдийг солих зорилгоор бүтээж, 1962-2003 оны хооронд хэд хэдэн удаа сайжруулан шинэчилсэн. 1990 оноос Өмнөд солонгос улсад лицензээр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 9205 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Хамгийн анх Вьетнамын дайнд хэрэглэгдсэн бөгөөд түүнээс хойш АНУ-ын оролцсон бүх төрлийн байлдааны ажиллагаанд ашиглагдсанаас гадна НАТО-ын үндсэн өөрөө явагч артиллерийн системийн нэг болсон юм.
1950-иад оны дунд үеэс дэлхий нийтийн зэвсэгт мөргөлдөөнүүд, цөмийн зэвсгийн хөгжлийн нөлөөгөөр өөрөө явагч артиллерийн системд шинэ шаардлагууд тавигдах болсон. Дэлхийн аль ч өнцөгт артиллерийн системийг агаараар тээвэрлэхийн тулд хөнгөн жинтэй, жижиг хэмжээтэй байх хэрэгтэй болсон. Мөн тоотыг цөмийн зэвсгийн хөнөөлт хүчин зүйлсээс хамгаалахын тулд машиныг бүрэн хуяглах хэрэгтэй болов. Энэ үед АНУ-ын армид 105мм М-52, 155мм-ийн М44 загварын өөрөө явагч артиллерийн системүүд ашиглагдаж байсан бөгөөд шинэ төрлийн шаардлагад нийцэхгүй хэд хэдэн дутагдалтай байлаа. Иймд 155мм-ийн НАТО стандартын калибртай өөрөө явагч артиллерийн системын анхны загварыг 1959 онд бүтээж Т196 гэж нэрлэсэн. Анхны туршилтаар дизель хөдөлгүүр ашиглах шаардлагатай нь илэрсэн. Дизель хөдөлгүүртэй, их бие, явах ангид хэд хэдэн өөрчлөлт орсон шинэ загварыг Т196Е1 гэж нэрлэв. 1961 онд М109SP нэртэйгээр АНУ-ын зэвсэглэлд нэвтэрсэн. 1962 оноос Кливлендийн танкийн завод (Cleveland Army Tank Plant)-д бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн. Энэ заводод нийт 2500 ширхэгийг үйлдвэрлээд 1970 оноос United Defense-д М109-г үйлдвэрлэж байна.
М109 нь явах анги, артиллерийн хэсэгт амархан шинэчлэл хийх боломжтойгоороо давуу талтай юм.
Өөрөө явагч артиллерийн систем М109-д дараах сэргээн сайжруулалтууд хийгдсэн байна. Үүнд:
- М109А1 – 1973 онд зэвсэглэлд нэвтэрсэн. Уртасгасан гол төмөртэй, чиглүүлэх механизмуудад сайжруулалт хийгдсэн. М864 загварын кассетны галт хэрэглэлээр буудлага явуулах боломжтой.
- М109А2 – 1979 онд зэвсэглэлд нэвтэрсэн. Ухралт эсэргүүцэх байгууламж, сум өгөгчид сайжруулалт хийгдсэн. Байлдааны иж нэмэгдэж 22 буудалт болсон.
- М109А3 - их бууны суурь солигдсон. Механик жолоочийн багаж хэрэгслийн хянах самбар сайжруулагдсан. Ухралтын тормозод өөрчлөлт орж тийрэлтэт галт хэрэглэлээр 24 км, задран дэлбэрэх сумаар 18 км зайд буудлага явуулах боломжтой болсон.
- М109А4 – үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах системээр тоноглогдсон. Хүчний хэсэгт зарим өөрчлөлтүүд хийгдсэн. Хэвтээ хавтгайд чиглүүлэх механизмд сайжруулалт хийгдсэн.
- М109А5 – М284 загварын уртасгасан гол төмөртэй. 30 км хүртэлх зайд буудлага явуулах боломжтой. Гал удирдах автоматжуулагдсан систем, GPS системтэй.
- М109А6 “PALADIN” – 1992 онд зэвсэглэлд нэвтэрсэн. Сайжруулагдсан хуягтай шинэ цамхагтай. Радио холбоо сайжруулагдсан. Гал удирдах автоматжуулагдсан систем, байр зүйн систем, баллистикийн тооцоолууртай, автомат чиглүүлэх систем, сансрын радионавигацийн систем NAVSTAR-р тоноглогдсон.
- М109А6 PIM – М109А6 “Паладин”-ы ашиглалтын хугацааг 30-40 жилээр уртасгах зорилгоор сайжруулагдсан загвар юм.
М109А6 “Паладин” нь 600 морины хүчтэй Камминс V903 загварын хөдөлгүүртэй ЯЦБМ М2 “Бредли” явах ангитай.
Тактик техникийн өгөгдөхүүн М109А6 “Паладин” :
- Байлдааны жин -23,8 тн;
- Их биеийн урт – 6114 мм;
- Их буутай урт – 6614 мм;
- Их биеийн өргөн – 3150 мм;
- Өндөр – 3279 мм;
- Клиренс – 450 мм;
- Тоот – 4-6 хүн (загварын сайжралтаас хамаарна)
- Их буу – 155мм-ийн М126;
- Байлдааны иж – 28 буудалт;
- Босоо хавтгайд чиглүүлэх өнцөг - -3..+75 градус;
- Буудлага хийх холын зай – 19,3 км (тийрэлтэт сумаар);
- Харааны хэрэгсэл – М42 яндан дуран, М118С телескоп, М117 панорам яндан дуран;
- Пулемёт – 12,7мм-ийн М2НВ;
- Нөөц явалт – 350 км;
- Хурд – 56 км/цаг.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб