logo
Д.Ганбат: Баруун талдаа хүрдтэй авто машиныг хориглож байгаа зүйл огт биш, бодлогоор зохицуулна

Д.Ганбат: Баруун талдаа хүрдтэй авто машиныг хориглож байгаа зүйл огт биш, бодлогоор зохицуулна

2017/01/16

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төв, Зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрбээр автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж,  автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцжээ.

Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас анхаарч, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр “Авто машинаас ялгарах утааг багасгах, авто машины хяналтын үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Монгол Улсад нийт 284 суудлын вагон ашиглагдаж байгаа бөгөөд жилд 1000 гаруй тонн нүүрс ашиглаж байна. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэрийг гаргалаа” гэжээ. 

Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай авто машиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай авто машинууд дийлэнх хувийг эзэлж байгааг бодлогоор зохицуулах шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан онцолж байв.  

Харин үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй авто машин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Мөн өндөр насжилттай авто машинуудад техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмолжуулах аж.

Учир нь авто машинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдэлтэй талаар албаныхан хэлж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлэх бодлого барьж, үүрэг өгч ажиллаж байгаа юм.

Түүнчлэн баруун талдаа хүрдтэй авто машиныг хязгаарлах бус үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эсвэл тухайн үйлдвэрлэгч оронд нь жолооны хүрдийг шилжүүлэх зэрэг асуудлыг оновчтой хувилбараар шийдэх арга замыг эрэлхийлж байгаа талаараа салбарын сайд онцлов. Тэрбээр “Баруун талдаа хүрдтэй авто машинууд дийлэнх хувийг эзэлж байгаа ч эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг бид олно. Эдгээр машиныг зах зээлээс шахаж, хориглож байгаа зүйл огт биш. Үүнийг төр засаг маш сайн ойлгож байгаа. Тиймээс бодлогоор зохицуулах арга хэмжээг авна” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш