logo
Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ

Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ

2017/01/17

Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгийн 2016 оны А 13 тушаалын дагуу УХТЭ-ийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх ажил хийгдлээ. УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган 2017 оны нэгдүгээр сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүллээ. ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байна.  

Тус тасагт Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Тасагт ор нэмсэнтэй холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийдсэн байна. Үүнд, өвчтний ор 7, өвчтний хяналтын монитор 3 ш, амьсгалын аппарат 2ш, сорох төхөөрөмж 4ш, кушетка 5, өвчтөний шүүгээ 1 ш, дуслын хөл, дуслын орбит зэрэг 19 нэр төрлийн  эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А. Оюунчимэг тэргүүтэй эмч сувилагч нарын баг хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт “Хүүхдийн яаралтай тусламж”, “Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, “Халдвар хяналт” зэрэг сэдвүүдээр 3 чиглүүлэх удаагийн сургалт явуулсан ба цаашид Эмийн зохистой хэрэглээний талаар хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт хийхээр төлөвлөөд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш