logo
Энэ сарын 20-ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Энэ сарын 20-ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

2017/01/18

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр нэр бүхий иргэд хордсон байж болзошгүйгээр амь насаа алдсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс яаралтай арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулан шуурхай мэдээлэл өглөө. Амь насаа алдсан хүмүүс шингэн зүйлээс хордсон байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор өнөөдрийн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон байна.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Шуурхай ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулсны дагуу тодорхой шийдвэрүүд гаргалаа. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир хуулийн хүрээнд мэдээлэл хүргэж байна. Шүүх, шинжилгээний байгууллагаас  эцэслэн дүгнэлт гараагүй байгаа. Харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүс хордлогын шинж тэмдэгтэй байгаа тул иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээг авч байна” хэмээв.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг 2959 дэлгүүр, 821 баар, 959 ресторан байдаг. Өнөөдрөөс эхлэн НМХГ, УБХЦГ-тай хамтран гурав хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж эхлээд байна. Эхний ээлжинд 7378 ширхэг сэжиг бүхий архийг битүүмжиллээ. Үүнээс 80 гаруй архины дээжийг шинжилгээнд өгсөн байгаа. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна” гэлээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээгээр иргэд шингэн зүйлсийн хордлогын улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байгаа. Яг ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд маань гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар биелүүлж болзошгүй эрсдлээс өөрсдийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг уриалж байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш