АН-ын даргын төлөөх "сумтай" тавын "эвгүй" тулаан сүүлийн шатандаа оров. Сумаа ташуураар сольж, хөмхийгөө зуусан тэд ил далд нэгнийгээ "хутга"-лж, гар хөлүүд нь "цус"-гүй алалцаж, булайгаа дэлгэлцэх марафоноо эрчимжүүлэх болов. Тэднээс хөрөнгө чинээгээрээ "хүн зодох" шахан хайрцаглаж чадаж байгаа нь С.Эрдэнэ. Тиймээс ч өрсөлдөгч дөрөв нь өдөр бүр "хутга" зоож, хэвлэлээр алж, сошлоор булшлах тал дээр "нэг" намынхан шиг нэгдэж чадаж байгаа аж. Сүүлийн гурав хоног сошлынхны зугаа болж, идэвхтэй тарж байгаа "Баянгол дүүргийн АН-ыг дэмжигч гишүүдийн холбоо"-ны мэдэгдэл гээч бол үүний тод жишээ. "Эвтэй дөрөв"-ийн хэн нь хэргийн эзэн гэдэг нь балархай ч С.Эрдэнэ ванг бүрэн илчилж чадсан гэхэд болохоор аж. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үедээ дэлгэгдэж, шуугиулж байсан фактууд болох С.Эрдэнийг хүн алдаг, хүүхэн хүчинддэг, хөрөнгө завшдаг, үхсэн хүнийг ч дээрэмддэг увайгүй, эрх мэдлийн төлөө эхнэрээ цонхоор шидэж чаддаг хэмээн сануулахыг хүссэн нь илт. Н.Ану