logo
“Uvertura” хамтлаг Монгол орноо тойрч, хандивын тоглолт хийнэ

“Uvertura” хамтлаг Монгол орноо тойрч, хандивын тоглолт хийнэ

2017/01/26

Монгол Улсын Их хурлын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч Дорждугарын Гантулгын санаачилгаар Залуу малчдыг дэмжих аяныг энэ сарын 31-нээс ирэх гуравдугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хот, 21 аймгаар Монгол поп Увертюра хамтлагийн тоглолтоор гурван үе шаттайгаар зохион байгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан үзэгч, сонсогч түмэндээ тоглолт болгон хүргэхээр “Uvertura” хамтлаг бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь…” цомгоо сонсогч түмэнд хүргээд зогсохгүй цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглох аж. Тус тоглолтоос олсон орлогыг тухайн аймгийн залуу гэр бүлүүдэд мал болгож хандивлах юм байна.

Нүүдэлчин соёлын гол эзэд болох малчид, тэр дундаа залуу малчдаа дэмжих аяныг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжиж амьдралыг нь дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход энэхүү аяны гол зорилго орших аж.

Мөн тоглолтод ирсэн хүн бүрт “Монгол минь…” цомгийг бэлэглэх юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш