logo
УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

2017/01/27

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны аравдугаар сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Хууль зүйн байнгын хорооноос тус хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Хууль зүйн байнгын хороо Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаархи хэлэлцүүлгийг холбогдох хуулийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,
-төсөлд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг албан үүргээ гүйцэтгэх хугацаанд гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор заасан байсныг өөрчилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан албан тушаалтнуудад хамааруулахаар төсөлд тусгах;
-төсөлд дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч өмнө нь гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор “зохих арга хэмжээ авна” гэж тодорхой бус заасныг өөрчилж, гадаад улсын банкинд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авах асуудлыг төсөлд тусгах;
-дээр дурдсан албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд уг албан тушаалтан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэл гаргах асуудлыг төсөлд тусгах;
-хуулийн үйлчлэлд тухайн албан тушаалтнаас гадна хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийг хамруулах зэрэг ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Ундармаа нар энэхүү хуулийн төслийн тодорхой зохицуулалтууд нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчих эсэхийг лавлахад улс төрчдийн офшор бүс  дэх мөнгөн хөрөнгийн асуудал нийгэмд дуулиан тарих үед түүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт байгаагүй. Тиймдээ ч ёс зүйн хариуцлага хүлээж, эрхэлж байсан албан тушаалаасаа огцорсон юм. Үүний цаана хууль бусаар хөрөнгөжсөн эсэх эрүүгийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлыг эрх зүйн орчин дутмаг байснаас шийдээгүй өнгөрсөн. Эрүүгийн хуульд 2008 онд өөрчлөлт оруулан хууль бусаар хөрөнгөжих гэдэг шинэ төрлийн гэмт хэргийн талаарх зохицуулалтыг оруулсан ба мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг нь уг хуулиар зохицуулагддаг хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбар хийлээ. Түүнчлэн дотоодын хуульд Улсын Их Хурлын гишүүд сургалт, эрдэм шинжилгээний ажлаас өөр ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй заалттай. Тодруулбал төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон 301 албан тушаалтан монгол төрд зүтгэхээр тангараг өргөсөн бол албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа гадаад улсад санхүүгийн ямар нэг үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн “офшор бүс” хэмээх ойлголтыг хуулиар тодорхойлох нь Монгол Улсын гадаад харилцаанд тодорхой эрсдэл үүсгэх магадлалтай хэмээн үзэж “гадаад улс орнууд” хэмээн тодорхойлох шаардлага үүсчээ.
 
Төслөөр хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд болох эхнэр, эсвэл нөхөр, насанд хүрээгүй хүүхдэд энэ зохицуулалт хамаарна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлав. Түүнчлэн хуулийн төсөлд төрд албан тушаал хашиж буй 38900 хүнийг гадаадад данс эзэмших, гадны компанийн хувьцаа эзэмшихийг хориглох заалттай байсныг хэлэлцүүлгийн явцад 301 албан тушаалтанд л хамаарахаар болгон өөрчилсөн гэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун офшор бүст данстай байх, гадаадын банкинд данстай байх нь өөр ойлголт гэдгийг онцолж хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулиуд болон хуулийн төслүүд дэх найруулга болон нэр томьёоны зөрчлийг арилгахад анхаарахгүй бол хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн иргэн бүрийн өдөр тутмын амьдралын хэм хэмжээг тогтоож байдаг баримт бичгийн хувиар агуулгын томоохон сөрөг үр дагавартай гэдгийг хэлж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй 9 саналаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Санал хураалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийг сайтар нягтлан, асуудлыг эргээд ярилцах шаардлагатай учир Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна гэж мэдэгдсэнээр дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш