logo
Ц.Ганцэцэг: Улсын хэмжээнд 417 эмийн сан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна

Ц.Ганцэцэг: Улсын хэмжээнд 417 эмийн сан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна

2011/11/01
Иргэд даатгуулагчдын дунд эрүүл мэндийн даатгалын ашиг тус гэж алга гэсэн яриа байнга яригддаг. Гэтэл зарим талаараа иргэд маань эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар ямар эмчилгээ, үйлчилгээний зардлыг төлүүлэх боломжтойг мэддэггүйгээс даатгалаа бүрэн ашиглаж чадахгүй нь бий. Тэгвэл иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар амбулаториор үзүүлэх, эмнэлэгт хэвтэх, хөнгөвчлөх эмчилгээ, оношлогоо шинжилгээ хийлгэх, уламжлалт эмчилгээнд явах, рашаан сувилалд явах зардал, зайлшгүй шаардлагатай 300 гаруй нэр төрлийн эмийг хөнгөлөлтэй үнээр авах гээд жилдээ нийтдээ 1 112 000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой байдаг.
Харин саяхан  “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан байна. Энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-“Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдсэн гэсэн. Яагаад энэ журмыг шинэчлэх болсон юм бол?
-Тиймээ. Энэ жил эмийн санд тавих нийтлэг шаардлага, стандартыг Стандартчилал, хэмжилзүйн Үндэсний зөвлөлөөс шинэчлэн баталсан юм. Ингэхдээ эмийн сангуудын хүн хүчний хангамж, тавилга, тоног төхөөрөмж, өрөө тасалгааны хэмжээ, байрны хаяг, таних тэмдэг  нь ямар байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, хөнгөлөх хувь, хэмжээ”-г шинэчилсэн. Тиймээс эдгээр шинэчлэгдсэн стандарт, жагсаалтыг мөрдөхтэй холбоотойгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг шинэчлэх болсон юм.
Энэ бүх шинэчлэл хийгдсэнээр эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагчдын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн түвшинд хүргэх, даатгуулагчдад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, даатгуулагч эмийн чанартай тусламж, үйлчилгээ авах, тэднийг мэдээллээр хангах, эмийн сангууд төлбөр тооцоог заавал кассын машин, бар кодын машинаар хийх болсноор даатгуулагчаас илүү төлбөр төлүүлэх, өндөр үнэтэй эм худалдах зэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэх юм.
-Тэгвэл одоогоор Улсын хэмжээнд хэчнээн эмийн сан хөнгөлөлтэй үнээр, хэдэн нэр төрлийн эмийг олгож байгаа вэ. Эдгээр эмийн санг ямар үзүүлэлтээр сонгон шалгаруулдаг юм бэ?
-Хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн сангууд нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авдаг. Гэхдээ энэ бүх эмийн сан түрүүний миний хэлсэн шинэчлэгдсэн шаардлага, стандартыг бүрэн хангасан байх учиртай. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллага улсын хэмжээнд зөвшөөрөл бүхий 417 эмийн сан, үүнээс нийслэлд 29, аймаг орон нутагт 388 эмийн сангаар гэрээний дагуу даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байгаа. Эмийн тухайд гэвэл Иргэний эрүүл мэндийн хуульд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ”-г баталдаг. Энэхүү жагсаалтад заасан эмүүдийг хөнгөлөлттэй үнээр даатгуулагчид маань авах ёстой. Одоо мөрдөж буй жагсаалтыг мөн энэ онд шинэчлэн баталсан юм. Тиймээс энэ шинэчлэгдсэн жагсаалтын дагуу олон улсын нэршлээр 132, худалдааны нэршлээр 339 эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа.
-300 гаруй нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаална гэдэг бага тоо биш. Гэхдээ чухам яг ямар хэмжээгээр үнийн хөнгөлөлт үзүүлдэг вэ гэдэг нь сонин байна л даа?
-Эмийн үнийн хөнгөлөлт эм бүрт харилцан адилгүй байгаа. Үнийн хөнгөлөлтийг хувиар авч үзвэл хамгийн өндөр нь 93 хувиар, мөнгөн дүнгээр авч үзвэл 18000 төгрөгөөр эмийн үнийг хөнгөлж байгаа.
Харин та ямар эмийг хөнгөлөлттэй үнээр авах вэ гэдгийг мэдэхгүй байвал Эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангууд нь “Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ”-г иргэд, даатгуулагчдад харагдахуйц газар ил, тодоор бичиж байрлуулсан байх үүрэгтэй гэдгийг хэлэх байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn веб сайтнаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нийслэлийн дүүргүүд, аймгуудад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж буй эмийн сангуудын хаяг, байршлын мэдээлэл, холбоо барих утасны дугаарыг авах боломжтой.
-Аливаа тусламж үйлчилгээг авахад баахан бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй болдог нь иргэдийг багагүй бухимдуулдаг. Тэгэхээр хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд тусгайлан бүрдүүлэх бичиг баримт гэж бий юу?
-Тийм олон бүрдүүлэх бичиг баримт байхгүй ээ. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг харъяалах өрх, сум, багийн эмчийн бичсэн жорын хамт авч очоод эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой.
Энэ дашрамд, даатгуулагч иргэд маань эмийн үнийн хөнгөлөлт эдлэх эрхийнхээ дагуу хөнгөлөлттэй үнээр эм олгож байгаа эмийн сангийн үйлчилгээнд хяналт тавих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс тогтоосон эмийн үнийн дээд хязгаарыг баримтлахгүйгээр илүү өндөр үнээр эм худалдаалж байгаа эсэх, эмийн үнийн төлбөр тооцоог кассын машин, бар кодын машингүйгээр шууд бэлэн мөнгөөр хийж байгаа эсэхэд хяналт тавьж, хууль, журам зөрчсөн, шаардлага хангаагүй эмээр үйлчилсэн эмийн сангийн талаар мэргэжлийн хяналтын болон нийгмийн даатгалын байгууллагад хандан мэдээлэл өгч, эрх ашгаа хамгаалуулах хэрэгтэй.
-Ер нь Эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ хэчнээн даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлдэг юм бэ. Энэ талаар гаргасан тоон үзүүлэлт байдаг уу?
- Байлгүй яахав. 2010 оны жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас 567,4 мянган даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлсэн. Эдгээр даатгуулагчдын эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2045,2 сая төгрөг зарцуулсан. Харин энэ онд 830,0 гаруй мянган даатгуулагчийн эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 3066,1 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш