Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн хоёрдугаар сарын 13-26-ны өдрүүдэд “ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-г Хүннү Молл цогцолборт зохион байгуулах гэж байна.
Цагаан сарын хэрэгцээт бараагаа худалдан авах зуураа хүүхдүүдээ тоглоомын талбайд саатуулж, үзвэр үйлчилгээ ч үзчихнэ. Үндэсний шилдэг үйлдвэрлэгчид, гар урчууд, брэнд импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авч, цаг тутамд азтан шалгаруулах сугалаанд оролцон, алтан унжлагат хэмээх тахиа жилийнхээ ёндоог үзэх гээд сэтгэлд таатай буцах бүх боломжийг бүрдүүлжээ.
Түүнчлэн хоёрдугаар сарын 14-нд тохиох, “Цагаан сар-Ёндоотой экспо”-ны нээлтэнд эрхэм худалдан авагч та амжиж ирвэл “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлагийн тоглолтыг үзэж, сонороо мялааж, сэтгэлээ сэргээх аж.
Үндэсний шилдэг үйлдвэрлэгчид нэг дор худалдаа хийх “Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Жигд хүч” ХХК-ийн “Улаанбаатар” майноз, “Улаанбаатар” сүү, “Алиман Сар Бэйкэри”-гийн “Билигт” хэвийн боов оролцож байгаа. Тэгэхээр цаг тутмын азтанууд ивээн тэтгэгчийн багц бүтээгдэхүүн, тавгийн идээ, гарын бэлэг, зочдоо дайлах амттан, оюунлаг бэлэг сэлт, бүх л төрлийн импортын бараа бүтээгдэхүүний азтан болж ёндоогоо сорих боломжтой аж.