logo
Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгахад 23 мянган тэрбум төгрөг шаардлагатай

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгахад 23 мянган тэрбум төгрөг шаардлагатай

2011/11/01
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүд дээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсэг байгуулж УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг ахлагчаар томиллоо.
Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Я.Батсууриар ахлуулсан бүлгийн ажлын хэсгийг байгуулж бүлгийн санал дүгнэлт бэлтгэн дараагийн хуралдаанаар танилцуулах үүрэг өгөв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлтэй хамтатган боловсруулах чиглэлийг өгч УИХ-ын гишүүн С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа. Төсөлд даатгуулагчийн эрхийг нэмэгдүүлэхэд анхаарсаны дотор, даатгуулагч нь эмнэлэг, эмчээ сонгох бололцоог олгосон, эрүүл мэндийн даатгалд зориулан улсын төсвөөс нэг иргэнд нэг жилд олгодог 1 сая 112 орчим мянган төгрөгөө даатгуулагч үр дүнтэй, хяналттай зарцуулах, эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэрэг дэвшилтэт өөрчлөлтүүд байгааг бүлгийн гишүүд зарчмын хувьд дэмжиж цаашид УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Төсөлд заасны дагуу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 90-ээд мянган ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахад ирэх оны төсөвт 23 мянган тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэгтэй хэлэлцэн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Өнгөрсөн 7 хоногт Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлэг авч хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн тодорхой үндэслэлүүдийг Ардчилсан намын бүлэгт ирүүлсэн юм. Эдгээр үндэслэлүүдийг Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд МАН-ын бүлгээс тавьсан үндэслэл, саналуудыг хүлээн авах боломжгүй, Ардчилсан намын бүлэг өөрийн байр сууриа хадгалан үлдэх нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш