logo
Хуулийн төслийн байнгын хороонд шилжүүллээ

Хуулийн төслийн байнгын хороонд шилжүүллээ

2017/02/03

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 91 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн талаар гаргасан 5 саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна. Цагдаагийн генерал гэдэг цол шинээр бий болгож, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байх, цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж нас барсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг ар гэрт нь олгох, цагдаагийн байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулахыг хориглох зэрэг зарчмын зохицуулалтууд оруулж байгааг ажлын хэсгийн ахлагч дурдлаа.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлд “Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна” гэсэн агуулгатай 16.6 дахь хэсэг нэмэх, төслийн 21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалтыг “цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвийг төлөвлөх, Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хороогоор хянуулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох” тухай 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийг “Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бол тэдгээрийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дараахь арга хэмжээг авна” гэж өөрчлөхөөр тогтов. Ийнхүү Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш