Бямбын Чантуу
/1940-2017/
Гэрэл зурагчид бидний эрхэм хүндэт хүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбын Чантуу бурханы оронд заларлаа. Гэрэл зураг, түүн дотроо Монголын гэрэл зургийн түүх судлалаар голлон ажилладаг ахмад уран бүтээлч, гэрэл зурагчдын дундаас төрсөн цөөхөн гавьяат цолтны нэг Б.Чантуу нь залуу дунд үеийнхний даган дуурайдаг, үлгэр жишээ авдаг эрхэм хүн, нэрт сэтгүүлч байлаа.
1940 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 1960 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Сурган, сэтгэл судлалын багш, сэтгүүлч мэргэжилтэй. 1961-1963 онд Москва хотноо Комсомолын дээд сургуулийн фото дамжаанд суралцаж төгсчээ. 2001 оноос хэвлэл мэдээллийн “Адмон” компанид архивын эрхлэгчээр ажиллаж байлаа.
Ховд аймгийн ХЗЭ-ийн хороонд Хэлтсийн эрхлэгч, Хоёрдугаар нарийн бичгийн дарга, “Залуучуудын үнэн “сонинд тусгай сурвалжлагч, утга зохиолын ажилтан, гэрэл зургийн сурвалжлагч, МАА-ийн 121 дүгээр ангийн ХЗЭ-ийн хорооны дарга, Армийн улс төрийн газар тогтоол, бичиг хэрэг, нууцын дарга, тасгийн дарга, “Улаан Од” сонинд хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, Найрамдалт армиудын Спортын хорооны “СКДА” сэтгүүлд редакцийн зөвлөлийн гишүүн, МСХ-ны хорооны архивын эрхлэгч, Улсын төв номын сан зэрэг газарт хариуцлагатай алба хашиж байсан нэрт сэтгүүлч байв.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяа медаль, Цэргийн гавьяаны одон, Улс хувьсгалын ойн медалиуд, Цэргийн ойн медалиуд, ЗХУ, Вьетнам, Польш улсын цэргийн медалиуд, Найрамдалт армиудын СКДА алтан медаль, Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг, МСХолбооны хүндэт тэмдэг, Баянгол дүүргийн Хүндэт иргэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зэрэг цолоор тус тус шагнаж байжээ.
Гэрэл зургаараа 1965 онд “Залуу үе” сэтгүүлийн оны шилдэг гэрэл зурагчин, 1978 онд “Үнэн” сонины шилдэг гэрэл зургийн сурвалжлагч, 1980 онд “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн оны шагнал, 1998 онд Монголын сэтгүүлчдийн холбооны тусгай шагнал зэрэг амжилтыг үзүүлж байв.
2000 онд “ХХ зууны монголчууд” үзэсгэлэн, 2002 онд “Эрх зүйт ёсон” зэрэг үзэсгэлэнд оролцож, Монголын түүхийн таван боть, Улаанбаатар түүхийн цомог, Хүрээ, Нийслэл цомог, Монголын зохиолчдын шилмэл тууж, өгүүллэг зургаан боть, Монголчууд ХХ зуун цувралууд зэрэг ном бүтээлд оролцсон авъяаслаг уран бүтээлч байлаа.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон ойр дотныхон, мэргэжил нэгт нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо