logo
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв

2017/02/08

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар оролцлоо.

Төслийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ. Дэлхийн банкны холбогдох удирдлагууд, хуульчидтай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгагдсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир асуулт асуусны дараа Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан гэдгийг дурдав.

Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байгааг салбарын сайд онцлов.

Уг зээлийн хүү нь 1.25 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил) аж. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад оршино гэдгийг П.Сэргэлэн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүийн хувьд хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүд, хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхдээ жинхэнэ эздийг нь хамруулах, бэлчээртэй холбоотой эрсдэлүүдийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлж, бэлчээрийн даац багтаамжийг хянаж үнэлэхэд бодитой үр дүнд хүргэхийг салбарын сайдад анхааруулж байлаа. Ингээд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн учир санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш