logo
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2017/02/08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2017.02.07/ хуралдаанаар хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийснийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоог хангах үүднээс редакцийн шинжтэй зарим засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын асуултад ажлын хэсэг болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Уг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр зохицуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш