УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2017.02.08/ хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н. Батзаяа нар оролцсон юм.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асуулттай гишүүн байсангүй. Иймд “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.