Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2017.02.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл, баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. Монгол Улсын хүн ам 2015 оны жилийн эцсийн байдпаар 3 057.8 мянга болж өссөн бөгөөд нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа нь дэлхийн бусад улсын хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залуу бүтэцтэй улс гэж тооцогддог байна. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бий. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Энэхүү хуулийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой аж. Мөн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцооны хэлбэрийг тодорхойлж, Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл, төрийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг мөн оруулсан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Хуулийн төслийн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Учрал нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Содбилэг, Б.Саранчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Монгол Улс анх удаа залуучууддаа зориулсан хуулийн төсөл боловсруулж хэлэлцэж байгааг дэмжихийн зэрэгцээ хөдөө орон нутгийн залуучуудад чиглэсэн ямар арга хэмжээ тусгагдсаныг илүүтэй тодруулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, хуулийн төсөл боловсруулахдаа судалгааны баг хөдөө орон нутагт ажилласан. Орон нутгийн залуучуудын хувьд нас, хүйсийн асуудал хүнд байна. Бүсгүйчүүд нь хот суурин газар бараадаад явдаг учир залуучууд нь мал маллан үлдэх болжээ. Хүйсийн тэгш харилцаа алдагдаж байгаа учир эрчүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг Засгийн газрын зүгээс хийхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, залуу малчид, хөдөлмөр эрхлэгч залуучуудын гарааны бизнесийг нь дэмжих зэрэг зохицуулалтууд тусгагдсан байгаа гэж хариуллаа.
Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороонд шилжүүллээ.